Сумъяагийн хуудсанд тавтай морилно уу

Сумъяагийн хуудсанд тавтай морилно уу

Thursday, March 8, 2012

Хүслийн биелэл (Өгүүллэг)


ХҮСЛИЙН БИЕЛЭЛ

            Манай хот айлаас хүүхэд голдуу хэдэн хүн сулинд мордов. Жандантай ус, шуудай сав тэгнэсэн цагаан ингэний бурантгийг би ээжид өгөөд эргэхэд цагаан ингэ ботгоо дагуулан сэмбэн сэмбэн алхсаар одов. Сулчид гэгээ тасрахаас өмнө Хулгайн сүвээр элс давж Борхярын Цагаан толгой хүрч хоноод тэндээс маргааш нөгөөдөр суль түүж, нөгөөдөр оройдоо буцаж ирнэ. Бид тэдний араас жаал харж зогссоноо гэррүүгээ эргэн алхаж явахдаа гэнэтхэн аав ирэх ёстойг санав. Зургаан жил өнгөрсөн хойно шүү. Дотор хирдхийв. Гэвч яахав миний аав, миний хайртай аав юм шүү дээ. Бас одоо үхэр тугал, хурга ишиг миний толгой дээр үлдсэн болохоор тэдэнд хараа бэлчээв. Хэдэн ишиг салхи сөрөн гол захлан явна. Бодвол эхийгээ л эрж яваа биз. Ямаа, ишиг дуу дуугаа авч, бараагаа харах л юм бол хүчрэгдэхгүй гэж санаад урдуур нь гүйв.
            -Чай, чай-ай! гэж алсаас чимээ өгч толгойг нь эргүүлж аваад. нохойн хэвтэш дамжин түнгэн дундуур харайлгаж явтал гэнэт өмнө минь Ноосай зогсож байхыг харав. Би зогтусав. Шингэн хэдхэн буурал үстэй, түүнийгээ шодойтол сүлжин самаар ардаа хатгадагсан. Яг л тэр хэвээрээ. Нутгийнхан хүүхэд, хөгшидгүй л Ноосай, Ноосай л гэнэ. Авгайлга юм уу, хоч юм уу, жинхэнэ нэрийг нь хэн гэдэг юм мэдэхгүй. Харин ямар ч хүнд гэм хоргүй, ганц бие хөгшин байж билээ.
            Одоо түүнээс хаашаа ч гарч чадахгүй, зугатаж болохгүйг санан, юу болохыг хүлээн би байрандаа зогсож байлаа.
            -Аан, ишиг эргүүлж явна уу, хоёулаа танайд очъё гэх нь тэр. Миний хөл урагшаа гишгэв. Би түүнийг дагуулж явах биш, харин дагаж явав. Өөд болоод жил болж байгаа гэж бодохоос нэг л эвгүй, бие хүйт оргин хөндийхөн дуугүй алхав. Гэрт орж ирээд Ноосай гэрийн зүүн талаар явж зуухны аман тушаа очоод суухад би баруун талаар өгсөж хоймрын орон дээр тарвалзах хүүгийнхээ урдуур орж суув. Төдөлгүй айлын хүмүүс ч хэрэгт дурлан орж ирэв. Тэд суулгүй тэрүүхэн баруун талд хуйлран зогсох аж.
            Нар юу юугүй шингэх дөхөж, дээр шуусан хаяагаар оройн нарны улбар шар туяа баруун хоймрын дэвсгэр дээр тусч ханын нүдний том том урт дөрвөлжин хээ татна. Айлын улс хонь хурга, үхэр тугал, морь мал гээд дор дороо нэг нэг юм хэлээд уван цуван гарч одов. Ноосай тогоо тавьж цай чанаад, надад цай аягалав. Би авсангүй. Дуугүй л хүүгээ хуурайлан өлгийдлөө. Төдөлгүй нар шингэж гэрт харанхуй боллоо. Ноосай цайлж гүйцэв бололтой дахин гал түлж тогоо тавиад хоол хийв. Аргалын галын залирах хүрэн улаан туяанд нүүрнийх нь нэг тал улайран, нөгөө нь харанхуй дунд уусна. Зуухны амны гэрэлд хутгаа үе үе хуурайд хар хархийтэл хавиран мах хөшиглөх түүний хагас ангайсан аманд нь үлдсэн ганц хоёр шүд ёрдойно. Надад бас хоол аягалав. Би дахиад авсангүй. Гүн гүн уйлагнах хүүгээ хөдөлгөн суув. Ноосай хооллож дуусахын үед
            -Чи надаас айгаа юу? Арга ч үгүй биз дээ гэснээ, харин ааваасаа бас л айх уу, Ирнэ шүү дээ гэв.
            Би дуугарсангүй, хөдлөх бүрийг нь хараа салгалгүй харсаар байлаа. Яах л бол гэсэн түгшүүр цээжээр дүүрнэ. Гэтэл яасан ч үгүй хооллож аваад чимээгүй гараад явчихлаа. Би хүүгийнхээ урдуур бүхлээр хэвтэн хөхүүлэв. Аав ирнэ гэж бодоход баярлаж байгаа, түгшиж байгаагаа ялгасангүй. Зургаан жил би яаж хүлээж, аавынхаа бараагий нь ганц эгшин ч болов харахсан, үүний төлөө юугаа ч харамлахгүй өгөхсөн гэж хүсэн залбирлаа даа. Гэтэл өнөөдөр, ээжийг, манайхныг эзгүй байхад, харанхуй шөнөөр ирэх болдог. Тийн хэвтэж байгаад унтчихжээ. Би гэнэт сэрлээ. Нүдээ нээвэл аав минь гэрийнхээ баруун хойморт сууж байх нь тэр. Тооноор сарны цагаан гэгээ асгарч, гэрт өдөр шиг гэгээтэй байлаа. Би энгэр заамаа ч хумих тэнхэлгүй босон харайтал аав минь ч босоод ирлээ. Бид өөд өөдөөсөө гар сунган тэмүүлнэ. Гэтэл хэн нь ч хөдөлж, бас дуугарч чаддаггүй, хэн нэгэн маань урагшаа ганц алхахад л нэг нэгэндээ хүрч аав минь охиноо, би аавыгаа тэврэх байлаа. Тэгж тэгж аав арайхийж хөдөлснөө гараа сунгасан чигээрээ зогтусав. Эхийн сүүний үнэр хамрыг нь цоргижээ. Хамхиж амжаагүй миний тэрлэгний энгэрээр гэрэл цацраах цагаан хэнхдэг дээгүүр хөх хөх судас хуруу шиг гөвийнө. Баруун хөхнөөс сүү чим чим дуслан, хэвлийн даган урсах нь мэдрэгдэнэ.
Дорнод.Булган сумв 2002
            -Тэнгэр минь, охин минь ээж болчихож! гэж аав минь дуу алдсанаа миний мөрөн дээгүүр давуулан харав. Хөшигний цаана хүү минь жигдхэн амьсгалан унтаж байгаа нь мэдрэгдэнэ. Би ухарч хүүгээ биеэрээ хааж зогслоо. Өвдөг яльгүй чичирнэ. Тэгэх тусам нүд цавчихгүй харж байв. Нэг мэдэхэд тэвчсэнгүй аньсага анивчаадхав. Ахин харвал миний өмнө хэн ч алга. Би сая сэхээ орж
            -Аав аа!, аав аа aa! гэж дуудан гэрэл асаав. Хичнээн олон жил санаж, дууг нь ганцхан ч бол сонсож, барааг нь ганц ч болов харахсан гэж хичнээн их дуудан дуудан залбирч байлаа даа. Хүрээд ирэхэд нь…, хүрээд ирэхэд нь…. гэж уйлан үглэн гэрийн доторхийг тойруулан тойруулан харлаа. Аав минь алаг хорвоо дээгүүр жирэлзээд өнгөрсөн зургаан жилийн турш алга байсан шигээ бараа туруугүй. Зогсож байсан газар нь хов хоосон, цагаан эсгий ширмэл ширдэгний хас хээний шаглаас тов тод харагдах мөртөл тэнд хэдхэн эгшний өмнө аав минь гэгээн дүрээрээ зогсож байсан гэх ул мөр даанч байсангүй.                                                                                      1985 он

No comments:

Post a Comment