Сумъяагийн хуудсанд тавтай морилно уу

Сумъяагийн хуудсанд тавтай морилно уу

Friday, January 20, 2012

ХАДАМ ЭЭЖ (Өгүүллэг)



Нүдээ анин бодох, зүүрмэглэхийн дундуур бүхнийг бүүр түүр мэдэн хэвтэж байтал орны толгой тушаа ханын модыг зөөлөн тогшив. Юу билээ!  гэж цочин нүдээ нээв. Цочсондоо миний зүрх хүчтэй дэлдэж байв. Тэр хүү зүрх дэлсэхийг сонссон юм шиг
-Суранз байнаа, үүдээ! гэдэг байгаа.
Тийм ээ, чи хэзээ нэгэн цагт ирэх л байсан. Би мэдэж байсан юм. Сэтгэлдээ ийнхүү уулга алдан би бослоо. Гэхдээ яах билээ гэж эргэлзэв. Ээж сонсчихвол, ер нь хэн нэг нь мэдчихвэл сумаар нэг шуугиан болно гэж санаад хаалганыхаа түгжээг хурдхан мултлав. Тэгээд орныхоо хөл дээр очиж суув.
Сарны цагаан туяа хоймроор асгарна. Үдэшлэг тарангуут л клубын урдах жижиг цагаан байшинд паржигнаж байсан гэрлийн мотор гэнэт чимээ тасрахад төвийн гэрэл унтарч сумын төв нам оргиод өдрийн бараанаас шөнийн чимээ гэдэг болсон байв.
Суранз баруун талаар өгсөж, аяганы ширээний дэргэдэх жижиг сандал авч суугаад  хэсэг дуугүй байснаа
-Би хүрээд ирлээ гэж хэлэв.
Хэзээ ч юм ирнэ гэдгий нь мэдэж байсан ч,  яг хүрээд ирэхлээр нь хэлэх үг олдсонгүй. Уул нь тосоод авахаар, тоглоод өнгөрөөхөөр үг бодож л байсан юмсан.
Суранз бид хоёр энэ жил хоёул сургууль төгсч энэ суманд ирцгээсэн. Тэрээр мал эмнэлгийн, би хүн эмнэлгийн алба хашиж, хэн хэн нь зав зайгүй хөдөө дуудлаганд явж, борви бохисхийх чөлөөгүй ч “манай хоёр эмч” гэх олны үг дулаан сонсогдоно. Төгсөөд  ирэв үү гэх шиг  Төмөр энэ жил мэргэжил дээшлүүлнэ гээд зөрөөд явсныг яана. Суранз энэ айлд өдийд шөнө дөл ганцаар ирэх учиргүй, ирэх ч ёсгүйгээ мэдсээр байвч, ирсэн л юм.  Чухам юунд ирсэн юм. Юу ярих гэсэн юм. Санасан ч санаагүй  юм шиг явж чадмаар даа. Гэвч чадсангүй. Бодож л явдаг шүү чамайг.... Ингэж ганцхан удаа л хэлчихээд буцах  гэж ирсэн шиг. Гэтэл хэллээ гээд яах юм, хэлэхгүй явлаа ч  гээд яах юм.
Чив чимээгүй нам гүмийг цочоож нэг трактор паржигнасаар гэрийн дэргэд бараг тулах шахам тарр тарр дуугарч зогсох нь Лхагваагийн улааны дуу мөөн. Хоёр гурван хүн пид пидхийн буух зуур “Яг л орсон юм даа!” гэх нь Төмөрөөгийн хар багын найз Лхагваагийн дуу. Би бодож санасан ч үгүй, гүйж очоод хаалга түгжчихэв. Суранз ч годхийн боссон байлаа. Хаалга хүчтэй угзарснаа ширүүхэн тогшив. Бид хоёр бие биерүүгээ нэгхэн агшин харанхуйд  ширтсэнээ хүнээс ангид нууц хэрэг хийчихсэн юм шиг болж, ерөөсөө л нэг бие болчих шин болох нь тэр. Суранз миний гарыг зөөлхөн атгаснаа баруун талд байсан хувцасны шүүгээний араар орчихов.
Би мэдсээр байж, “Хэн бэ?” гэж асуугаад гэрэл асаав. Би байнаа! гэснээ намайг хаалганы түгжээ мултлунгуут Лхагва дайрах шахам орж ирэв. Гэрийн доторхийг тойруулан харснаа нөгөө хоёртоо “Яг л орсон юм даг” гээд нүдээрээ гэр доторхийг тойруулан харав. Энэ чимээгээр хадам ээж орж ирэв.
-Та нар чинь юу болоод  харанхуй шөнөөр түжигнээд явдаг улс вэ? гэхэд Лхагва
-Тийм ээ, харин хэн нь өдөр алдаж шөнө болоод байгаа бол? гэхдээ хараа хүрэх газар бүхнийг нүдээрээ өрөмдөн эрж байв.
-Юугаа алдчихсан улс вэ? Байтлаа айл нэгжих нь үү? гэж ээж агдасхийн хэлэхэд Лхагва
-Нэгжих хэрэг гарвал найзынхаа өмнөөс нэгжих л болно доо.
-Юу гэнээ? гэж ээжийн нүд нь томорч дуу алдахад
Эднийх хүү Суранз орж явахыг би энэ хоёр ногооноороо харсан. Тэгэж наргихгүй шүү! гэж Лхагва нүд рүүгээ чичлэн байж хурц догшин хэлснээ лааны гэрэл сүүтэлзүүлэн энэ тэрүүгээр шагайлна.
Ээж над руу өлийж харснаа
Тэгээд эрсэн хүн чинь хаана байна. Айл битгий түймэрдчих гэхэд Лхагва
-Хм хэмээн хөмхий зуунги өгүүлэх нь олохоо л олно доо гэж бардам өгүүлэх шиг.
Лхагва, Төмөрөөгийн өмнөөс надад халамж үзүүлж бараг өдрийн ихэнхийг манайд барна. Харин нэг удаа хадам ээж
-Бүхэл бүтэн сумын хүн амыг толгойгоороо дааж яваа хүний хөлийг нь гишгэчих гээд хойно урд нь юунд орооцолдож явдаг юм гэж хэлсэн тал бий. Ер нь манай хадам ээж хүн бүхнийг хүү минь, дүү минь гэж хошуу дэвсэвч, илүү дутуу олон чалчаа яриагүй, хэний ч өмнө ёс алддаггүй сайны хэцүүтэй хүн.
-Хачин л юм аа! гэж Лхагвааг халаглахад
Хадам ээж сандал авч бүүр тухлан суугаад
-Тэгээд эрсэн хүнээ олоод ав л даа гэж дургүйцсэн өнгөөр хэллээ. Нөгөө хоёр нь “За явъя, явъя, алга л байна шүү дээ. Чи наад хоёр паржукторынхоо тоосыг сайн арчиж бай!” гэж хэлээд гарцгаав. Лхагваагийн трактор нь бас уурласан юм шиг огцом огцом паржигнасаар давхин одов. Түрүүнээс хойш би хөдөлсөн ч үгүй, орныхоо хөл дээр чимээгүй суусаар л байв. Ээж сүүтэн сүүтэн лааны гэрэл давуулан намайг харснаа
-Суранз аа чи гараад ир гэв.
Орчлон чив чимээгүй. Суранзыг гарч ирэхийг хүлээн амьсгаагаа түгжсэн юм шиг чимээгүй. Ээж дахиад
-Чи эр хүн л юм бол  гараад ир гэдэг юм байна.
Хувцасны шүүгээний арын хөшиг сөхөгдөж, ханын нүдэн дээр дөрөөлөн гишгэж зогссон Суранз үс нь өрвийж, царай нь минчийчихсэн бууж ирэв.

No comments:

Post a Comment