Сумъяагийн хуудсанд тавтай морилно уу

Сумъяагийн хуудсанд тавтай морилно уу

Thursday, March 8, 2012

ХҮНИЙ БАРАА (Өгүүллэг)


ХҮНИЙ БАРАА

            Ломбын толгой хэзээ өвдөж байлаа. Нойтон сур шиг болтлоо насаараа л уусандаг. Харин өнөөдөр юу болчихоов, уусан жаахан юм толгойд гарчихаж… Шилэн хүзүүгээ атгамаар байвч шатаар өгссөөр дөрвөн давхарт гарч гэрийнхээ үүдэнд ирлээ. Хаалганаас нь ердөө л сөөм зайтай хөршийн хаалганы завсраар шарсан сонгинотой хоолны сайхан үнэр цоргиход тэрээр хамраа үрчилзүүлэв. Савхин хүрэмнийхээ энгэрийг тэмтрэн нилээн зогсов. Гээгээгүй нь лавтай ч, түлхүүр нь нэг л баригдаж өгдөггүй. Ломбо гараа халааснаас сугалан алгаа үрчссэнээ хөршийнхөө хонхыг дарлаа. Чухам яах гэж танихгүй айлын хонх дарж байгаагаа өөрөө ч мэдсэнгүй. Одоо яахав нэгэнт хонходсон хойно орох л болж. Ер нь айл улс бие биенээ танихгүй явна гэж юу гэсэн үг вэ. Танилцнаа гэж өөрийн бодолд урамшив. Хаалганы цаана хөлийн хөнгөн чимээ гарч
-Хэн бэ? гэх турь муутайхан дуу дуулдав.
            -Аан би…Ломбо байна гэлээ. Түгжээ торхийн дуугарч хаалга онгойн дунд зэргийн нуруутай туранхайдуу гувчгар хүүхэн эхлээд гайхан харснаа, дорхноо танимхайрхан
            -Та орооч, ор ор гэлээ. Ломбо босго давж, эзэгтэйг хаалгаа түгжиж байх зуур норгож дэвссэн дөрвөлжин алчуурт гутлаа шудран зогсов.
            Хүүхэн эргэж харснаа “Алив та хувцсаа…” гэв. Ломбо пальтогоо тайлах зуур өлгүүр рүү харвал хавар намрын халчгар ганц хүрэн пальто өлгөж дор нь хагас өсгийтэй хуучивтар гутал зэрэгцүүлэн тавьсан байв. Үүдний өрөөнд үүнээс өөр юу ч алга.
            Хүүхэн түүнийг гал тогооныхоо өрөөрүү урьж, сандал дөхүүлэв. Ширээний дэргэд бас ганц сандал… Ер нь энэ ганц бие хүүхэн байх нь гэсэн бодол толгойд нь зурсхийв. Ломбо ширээний дэргэд нэг гараараа сандлын түшлэг налан суухад хөл нь амсхийх шиг. Эзэгтэй цаад өрөөнөөс нэг сандал тэврээд сэв сэмхэн гишгэлсээр ширээний нөгөө талд авчирч тавиад цай аягалан барилаа. Халуун цай уусны дараа Ломбын дотор онгойж, бие нь тавирах шиг болов. Ай даа энэ л халуун цайг үгүйлж, түүнийг заавал энд л тухлан суугаад уух гэж явсан юм шиг. Ломбо дахиад нэг аягыг уулаа. Уул нь дотор халаасан хүн чинь цайг ч нэг их тоодоггүйсэн дээ гэж бодохдоо дотроо мушилзан байв.
            Чимгээ энэ хүний зүсийг сайн мэднэ. Эдний хоёр хөрш болсоор  сар өнгөрчээ. Ээж нь өнгөрч захын хорооллын шавар байшиндаа орь ганцаар үлдээд гайхширлаа бараад сууж байтал хашаа нь азаар газарт орж шинэ байран дээр буужээ. Тэрээр оройд сиймгэр хөшигнийхээ цаана зогсоод, автобусны буудал руу алхаж яваа, тэндээс ирэх хүмүүсийг харж зогсдог. Одоо бараг хэн хэдийд ирдгийг ч андахаа байжээ. Тийнхүү хараад байхад эхэндээ бүгдээрээ л унаанаас буугаад тэднийх рүү ирж яваа юм шиг санагдана. Гэтэл орж ирэх нь үгүй. Сүүлдээ үүнээ мэдэвч цонхоор хүн харж зогсдог заншлаа орхисонгүй. Тэгэхлээр энэ хүнийг ч андахгүй. Голдуу л уучихсан, гуйвсхийн алгуурхан алхсаар байрныхаа буланг тойрох түүнийг барилгачин болов уу гэж бодно. Төдхөн орцных нь хаалга савагдан шатаар хүнд хөлтэй хүн пир пир хийн өгсөж үүдэнд нь ирээд цоожоо дуугарган гэртээ ороод нам жим болдог билээ. Цахилгаан зуухан дээр буцлах хоолны давс амсаж зогссон Чимгээ, намайг ер нь цонхоор харж зогсдогийг мэдчихээд орж ирсэн юм биш байгаа гэж бодоод цочисхийснээ
            -За даа, энэ хүн дандаа л толгойгоо ганзгалчихсан явдаг юм чинь юун дөрвөн давхрын хөшгийг нэвт харах билээ гэсэн бодлоор өөрийгөө тайтгаруулав.
            Эзэгтэй хоёр тавганд хоол аягалж Ломбын өмнө нэгийг нь тавиад халбага авч өгөв. Чимгээ эхлээд биеэ барьж цэрвэн байснаа аандаа тайвшрав. Харин ч хүнд, тэр тусмаа эр хүнд хоол аягалан барихыг хүлээж явсан юм шиг уужирч орхив.
            Зочин тавагтай хоолоо ховдоглон халбагадаж, эцэст шөлийг бүр тавгаар нь ууснаа эзэгтэй өөд сүүмгэр нүдээр харж “Сайхан хоол идчихлээ, хүү минь” гэснээ “Одоо чинь нэг хананы хоёр талд байгаа айл улс бие биенээ ор танихгүй л явдаг болжээ” гэв. Чимгээ алсаасаа жимгэр, үг цөөтэй болоод тэр үү яриа түүнээс илүү өрнөж өгсөнгүй.
            Ломбо тэднийхээр үе үе орж ирдэг боллоо. Чимгээ ч түүнийг хүлээж байсан мэт илт баярлан босч ирээд хоол цай аягалж гарна. Ингэхдээ өөрөө урьд нь ширээнийхээ нэг өнцгийг зайчлан хоол идмэр аягладаг байсан бол одоо бүр ширээ засч, гараа гарган өнөө орой ямар хоол хийе дээ гэж бодсоор гэртээ ирэх өдөр алийг тэр гэхэв. Ломбо ч бас заримдаа тор дүүрэн мах, сүү барьж ирээд –Хүү минь хоолондоо нэмэрлэ гэнэ.
            Энэ Ломбо гуай уул нь хүний хувьд гайгүй л хүн шиг. Даанч их л уух юм даа. Уудаг л бол хүнд ямар хань болохов гэж санана. Тэгээд нэг удаа Чимгээ “Та нэг сайн ханьтай болооч” гэж хэлжээ. “Байсан л юм. Одоо ч юухэв дээ” гэсэн хариу сонсов. Харин өөрт нь хандан
            -Нас чинь явлаа шүү, оройтойгүй дээрээ сайн хань олж ав гэснээ хэлэх гэснээ гүйцээе гэсэн бололтой, гэртээ суугаад байхлаар хаанаас хэн гараад ирэх вэ, гадуур яв гэжээ. Чимгээ хаагуур явах вэ дээ. Одоо гуч гарлаа. Хорин хэдтэй байхад ч үеийн охидтой кино, бүжиг гээд хааяа явдаг байсан. Үерхдэг охид нь бүгд л айлын эзэгтэй болон гэртээ суусаар нэг л мэдэхэд ганцаар хоцорсон байлаа. Ингээд зурагт харж, цонхоор харуулдаж суудаг болсон нь энэ. Ломбо, Чимгээгийн хугархай үүдэн шүдийг харахдаа
- Чи үсээ энэ хүүхнүүд шиг хими хийлгэж сэвсийлгэвэл, бас наад шүдээ бүтэн болгочихвол гоё болно доо гэж нэгэнтээ хэлжээ.
            Тэд ийнхүү хэн хэнийгээ сайн ханьтай бол гэж зөвлөн оройд хань ханиндаа сууж хооллосоор, тэр хэмээр нь амьдрал урссаар л байлаа.
                                                                        1996, 2005

No comments:

Post a Comment