Сумъяагийн хуудсанд тавтай морилно уу

Сумъяагийн хуудсанд тавтай морилно уу

Thursday, January 5, 2012

ЭЖИЙ ААВ ХОЁРЫГ ЭНХ БАЙХАД ЭНЭ ХОРВОО БҮТЭН БАЙДАГ (Дурсамж)



            Нутагтаа очиж, эжийдээ золгоод ирлээ. Талын Гурван улаан, Хүнгий голоор минь охин бид хоёрыг очсоноос хойш хоёр ч удаа халуун бороо хонон өнжин орж, чийг ханасан, нар тэгш говь маань ахин дахин нялхран сайхан зун боллоо. Урьд нь энд тэнд ганц нэгхэн гэр зэрэглээн дунд цайвалзан байдагсан бол одоо голоо даган айлууд хаяа хаяагаа даран буужээ. Сүрэг мал ч тэгш өсч. Сайн ямаатай нутгийн маань хишиг юм байх, айл айлын гадаа машин, мотоцикль сойлттой.
            Ертөнцөд эжийнхээ ачийг хариулсан нь хэн билээ. Эх хүн гэдэг үрээ хүний зэрэгтэй явахад нэг баярладаг. Хүрээд очиход нь бүүр их баярладаг. Эцэг эхийн ачийг хариулж бардаггүй юм аа гэхэд ядахдаа он онд нэг золгож, элгийг нь дэвтээж баймаар юмсанж.
            Эжий минь ноднингоосоо, уржнангаасаа илүү өтөлжээ. Дал гараад ирэхлээр нь л сая анзаарч, дав давхийн өрөвдөн эмзэглэх маань ихсэх боллоо. Амьдралын олон он жилд өөрийнхөө л бор хоногийн мөрийг хөөж явахдаа хөөрхий ээжийгээ үнэндээ олонтаа мартаж явжээ, би. Эхийн санаа үрд, үрийн санаа холд гэдэг энэ юм биз дээ.
Их хайрхан, Хүнгий гол
            Аавын минь үлдээгээд явсан тэр л нутаг, буурь бууцан дээр аавын минь барьж байсан, бидний өсч өдөлсөн том гэрийг хасасхийгээд барьж, зүг зүгт тараад явчихсан арван үрийнхээ эргэж ирэхийг харуулдан суугаа эжий минь хорвоогийн олон олон өглөө, үдшийг хэнтэйгээ ярьж, яаж барж байсан юм бол оо!
            Эжийгээрээ гучаад намар үдүүллээ... Ганц удаад нь ч болов алсын морины дөрөөг амраан, аяныхаа богцыг буцаан задалж, таныхаа дэргэд үлдэж, хөлийг чинь хучин, нэгэн намар өвлийн урт урт шөнийг баралцъя даа гэж хэлээгүй л байх юм.
            Эжий минь инээсээр үнсэж үдэвч, анзаарвал нулимс нь бөмбөрч байдаг юм. Түүнийг нь харахгүйн тулд би хурдхан эргэдэг. Үр минь олны дунд хүний зэрэгтэй яваасай гэхдээ явахын цагт

            Эжий минь
            Эрхийн чинээ үрийг минь харж яваарай гэж
            Идээнийхээ дээжийг өргөн
            Эх нутгийнхаа уул толгодод захиж
ааруул борцоо боож хөл хөөр болдог. Тэгтэл бас өнөөх үрээ сайн яваагий нь сонсвол баярлаж хөөрөхөөсөө илүү айдсаа нуун, ханцуйндаа залбирдаг, Эжий гэдэг энэ.
            Гучин жил үдүүлсэн байхад гуч хоног юусан билээ. Нүүдлийн шувуу ирэхийн цагаас л үр нь эжийдээ яарч эхэлдэг. Тэгээд амралтаа авангуут л нутгийнхаа зүг нисдэг дээ. Тийнхүү сэтгэл яарсаар ирж шузган дээрээ буухад мөнхийн цагийг олж, мөнхрөлийн оронд буух шиг болдог. Гэтэл даан удалгүй нэг л мэдэхэд сар өнгөрч буцах болж, аанай л ганцаараа үлдэх эжийгээ өрөвдөн нэг хоёр хоног хойш татаж хоргодох боллоо, Хорвоо намарших гэдэг энэ буюу.
            Эжий минь юм юмандаа үүртэх нь хувцсандаа түүртэх хүүхэд шиг. Охиноо өлгийдөж тэвэрч өсгөсөн энэ биеэрээ одоо л эжийгээ нэг өргөхсөн, асрахсан, Цаг нь болжээ.
М.Санждоржийн 1962 онд авсан фото

            Ганц удаа ч болов араг үүрүүлэлгүй нуруугий нь тэнийлгэхсэн, ганц өдөр ч болов үнээ сааж, гарыг нь амраахсан, ганц өглөө ч болов цайгий нь чанаад аягалж, насаараа хийсэн ажлыг нь сар ч болов үүрэхсэн гэж мэрийлээ. Хар цайнд суулгаж биеий нь угаалаа, хөл гарынх нь хумсыг авч, үсийг нь заслаа. Хувцас хунарыг нь угааж цэгцэллээ. Гэрийг нь буулгаж модыг арчиж, бүрээс хөшгийг нь угаалаа. Гэвч арван хүүхэд өсгөсний дэргэд энэ юухан билээ. Шүүдрийн усаар цай чанаж эхийн ачийг хариулна гэдэг. Ус сайн шингээдэг ахиухан самбай барьж аваад өглөөний зүлгэн дээгүүр чирэхэд данх байтугай тогоо цай чанаж болохсон. Гэвч ингэвэл навч дэлбээнд тогтсон дуслыг нэг нэгээр нь цуглуулахын гайхамшигт ухааны утга алдагдана, Яалтай билээ.
            Эжий минь гол гаталж, говь туулан нүүдэллэж явахдаа аавтай минь танилцаад хадмын нутагт үлдсэн холын бэр. Хэдэн жил өнжиж байж нутагтаа очиж хөгшчүүлтэйгээ золгоод арагшаа ажил амьдрал, үр хүүхэд бидэндээ яарч буцдаг монгол эхчүүдийн нэг. Нагац өвөө маань барга отгийн дарга Төмөр гэж, эхнэр нь Булган гэдэг байсан гэх. Тэднийхнийг бичээчийнхэн гэдэг. Улиастайн газар бичиг хэрэг хөтлөх бичээчийнхний дээд удам Дэмбэрэлээс хорин нэгэн хүүхэд төрсөн гэдэг. Тэгэхлээр би Сантмаргаз зүгийнхэнтэй бүгдтэй нь төрөл байхаа гэж боддог. Ээжийн маань аав Цэнджав нь төвд, монгол, хятадтай хүн Завханы төвийн сургуулийн анхны багш нарын нэг, улаан хувьсгалч тэрээр хожмоо хоршоо дарга хийж байгаад гучаад оны давалгаанд хамуулжээ. Эцгийг нь аваад явсны хойхно гэр орон, мал идээг нь өнчин ишиг ч үлдээлгүй хурааж авахад дөрвөн нялх ач зээтэйгээ хөгшин эх Булган нь нурман дээрээ үлдсэн гэдэг. Гэвч нутгийнхан нь унь, хана, тооно тал талаасаа цуглуулсаар жижигхэн гэр барьжээ. Тарлан цоорхой бүрээстэй болохлоор үхэр баангуут хүйдэс болохоос нь өмнө гэрийнхээ цоорхойг шавж хаасаар нэгэн өвлийг давсан гэдэг. Зун нь баруун сумаас тууварчид ирж цай уунгаа сүргийнхээ ноорч суларсан ноосыг авч болно гэснээр дөнгөж арав гаран настай ээж минь дүү нараа дагуулан очиж ноостой болсноор эсгий хийж, гэрээ хөөрхөн бөмбөгөр цагаан болгосон доо гэж дүү Санждорж нь хуучилдаг юм.

               Ажлын төлөө төрсөн хүн гэж ярьдаг. Тэг үнэн бол эжий минь тийм нэгэн. Говийн нар шигээ эрчтэй хүчтэй гялалзсан бүсгүйчүүлийн нэг байсан. Арван хэдэн холбоо хонийг өдрийн өдөрт хоёр саана. Өглөө эрт элсрүү аргалд явуулна.Элсний аргал том, илчтэй, өрөм сайхан загсдаг гэж голын аргалыг голно. Ам ч гэж ам, ажил ч гэж ажил, үнэхээр галзуу Гаажаа нэр авахаас ч аргагүй л нэгэн байж дээ. Тэр бүү хэл өөрийн ботгон тэмээгээ тайлаг байхад нь алдаад хэдэн жилийн хойно таниагүй алдсан нэгнийг сонсоод “хм, улаан амлаж цагаан шүдэлсэнд хөг гэж хөтөлж, сөг гэж хэвтүүлж сургасан ангайсан атаа аманд нь хаяж явах гэж. Ухаан сохор бол нүд сохор гэдэг юм” гэж хэлж байж билээ. Ер нь ээж минь үхэр мал, хоттой таван зуун хониндоо нэг бүрчлэн нэр зүс өгчихөж чаддаг. Шинж чанар, дүр төрхийг нь яг ононо гээч. Тэр нь малд нүдтэй гярхайнх бас цэцэн билэг үгтэйнх нь байх. Биднийг айлын хүүхэдтэй муудалцаад нус нулимс болбол “улаан чулууг мах гэж цагаан чулууг өөх гэж залгидаг” амьтан боловзой гэх юм уу, “Өглөгийн хариуд өглөггүй бол үгээгүйн шинж, үгний хариуд үггүй бол билэггүйн шинж” гэж хэзээний үгтэй юм гэх мэт цэцэн цэлмэг үгээр зандарч загнаад болохгүй бол зодож ч магадгүй. Нэг удаа манай том эгч хөл хөнгөн хүүхэд гүйцэгдэж баригдахгүй зугтахад, мориор шилбүүрдэж хөөсөн юм даг. Энэ нь одоо бодоход тэр бүрий үглэж загнаж, гар далайгаад байхгүй ч айлын хүүхдээс төдийгүй амьдралаас өмгөөлсөн өмгөөлөл байжээ. Одоо харин тэр үеийнх нь ааг үгүй болж, хэдэн ач зээ нараа толгой дээрээ гаргаж, хөзөрдөнө, даалуудана. Ач зээ нараар нь хоёр удаа л хурга эргүүлүүлчихвэл ялаа халуунд хүүхдийн зүрх үхнэ гэж өмөөрөх янзтай. Хотын бид хүүхдүүддээ тараг ааруул ахиухан өгчих санаатай өдрийн хугас боорцоггүй байлгавал, хөгшин ээж дээрээ ирсэн хүүхэд ингэж болохгүй гээд гурил зуурч шар тостой салбантай дугуй хайрч, мөч мөчөөр мах бариулна.
Ургамал сум. Морь шахдаг

            Настай амьтан юм юман дээр хүүхдүүдийнхээ ам аясыг харсаар тэднийхээ эрхэнд орчихдог бололтой. Намайг буцах өдөр голын цаад талаас Цэрэв эгч ирлээ.
            -Гаажаа, охиныгоо ирэхлээр цугтаа айлчилж очино гэж хэлүүлсэн яалаа. Та хоёрыг зөндөө харуулдлаа гэх нь тэр.
            -Хүүе, бид хоёр яаж гол гатлах билээ? гэхэд ээж минь
            -Урт түрийтэй усны гуталтай болсон гэж чамд хэлсэн шүү дээ гэлээ.
            Аймгийн замд гарсан хойноо айлд очих тухайгаа хөөрхий минь яагаад хэлсэнгүй вэ гэж бодлоо. Энэ тухайгаа хэлсэнгүй ч биш тойруу замаар хэлж л байжээ. Түүнийг нь даанч анзаарсангүй. Хоол унд байна, хувцас хунар байна гэж л бодсоноос бус, хүнд хүний хань нөмөр дутдагийг мэдсэнгүй. Биднийг дандаа л зав зайгүй юм шиг бөгтнөж бужигнаад байхлаар нь
            -Айлд хамт очно гээд хэлчихсэн шүү гэж дуулгаж зүрхэлсэнгүй. Тээр жил бага дүү Оргиог минь цэрэгт явчихсан, биднийг өнөөх л эзгүй байхад эжий минь мориноос чиргүүлээд хавирга нь хугарч, хөлийнх нь булчин тасарч сар шахам хэвтжээ. Хүүхдүүдийн ажил сургуульд саад болно, юүхэв. Аминаас хол юм, гайгүй гэсээр хэнийг ч дуудуулсангүй өнгөрчээ. Зун нь ирээд –Ээ! Та яав аа! Гэхээр өөр үг олдоогүй.
            Мөнхийн рашаан байдаг бол
            Хаанаас ч гэсэн олох юмсан
            Миний ижий настай хүн
            Хайртай ээждээ өгөх юмсан (П.Пүрэвсүрэн)
гэх дууны энгийн мөртлөө гайхалтай ухаарал эд эс бүхэнд минь одоо л нэвчиж эхлэв гэлтэй. Эрээд олдохгүй мөнхийн ус шиг эрдэнэ бол эжий мөнөөсөө мөөн. Надаас хэзээ  ч урвахгүй хайр, амь гэдэг эжий л байдаг. Тиймдээ ч үрийнхээ алдааг сэвгүй болтол нь уучилж, тэр бүү хэл өмөөрч зөвтгөж ч чадах цорын ганц хүн эжий л байдаг байна.
            -Та хот хүрээ орж өвөлжөөч. Нэг өрөө байр ч болов авч өгье гэхэд
            -Үгүй ээ, энэ муу оронгоосоо, нутгаасаа хаашаа ч явахгүй гэснээ түүнийгээ батлах гэсэн юм шиг орон дээрээ очоод бөмбөгөг гээд хэвтээд өгнө. Ор нь, орон гэр нь өөрт нь яг таарсан, хамгийн жаргалант орон бололтой.
            Ямар ч сайхан торгон дээлийн товч шилбэ нь бүтэн л бол сая дээл болдог шиг үрийнх нь хувьд эжий аав хоёр нь сэрүүн тунгалаг байх үед л энэ хорвоо бүтэн байдаг байна.
            Хэн нэгэн аав эжийгээ сайхан өргөж асарлаа гэвэл, тэдэндээ сайхан дуу шүлэг зохиолоо гэвэл түүнд хэмжээгүй их баярладаг. Учир нь миний эжий Гармаа нь ертөнцийн бүх эхчүүдийн адил өглөө нь оройгоо угтаж, үүр нь шинэ өглөөг тосох мөнхийн урсгалт цагийн дунд үр хүүхдээ хол замд үдэж, алсаас харуулдан, сайн сайхныг ерөөн, уул ус, орон дэлхий, тэнгэр бурхандаа даатган залбиран хүлээн сууж тосч угтдаг тийм л эжийн нэг билээ.
            Эцэг эхийгээ хайрлаж чадсан хэн бээр ч хүн болоод хүмүүн төрөлхтөнийг хайрладаг. Хайртай ээждээ өгөх мөнхийн рашаан олох юмсан...
                                                                        1997 он

1 comment: