Сумъяагийн хуудсанд тавтай морилно уу

Сумъяагийн хуудсанд тавтай морилно уу

Thursday, January 26, 2012

ЭРЧҮҮЛЭЭ ХАЙРЛАЯ АА (шүлэг)




 
  ЭРЧҮҮЛЭЭ ХАЙРАЯ
                                                           
Өрөвдөл энрэл өвөр дээрээ өргөж явъя эрчүүлээ
Өнгөрсөн түүхийн өртөөлсөн галав  галав зуунд
Өөрийнхөө бүхий л төрөл дутамдаа өлдөж өндийж
Хатуу ширүүн бүхний өөдөөс улаан нүүрээрээ очиж
Халуун амь нүцгэн гараараа тулалдаж явсан болохоороо
Эр хүний бие сэтгэл эгэл амьдрлын чөлөөнд эмзэгхэн байдаг юм
Эрсдэж эмтэрч сөхрөхдөө амархан байдаг юм аа, эр заяа
 
Үгийн үзүүр нүдний булангаар өчүүхэн бүү өөнтөглө
Өмөг дулаан үг, өег зөөлөн харцанд өрц элэг нь бүлээцэж бүтэн болдог юм
Өрөвдөл нигүүслийн өвөр дээрээ өргөж явъя эрчүүл ээ
Өндөр тэнгэр шигээ өнө мөнх босоо яваг ээ, эрчүүл минь
 
 
Ачлал аргадлын алган дээрээ асарч явъя, эрчүүл ээ
Архи дарс уулаа гэж бүү загна бүү хашгир
Аргад үнс тэвэр энхрийл, тэгээд болоо, өөр юм хэрэггүй
Авгай хүүхэн эргүүллээ гэж бүү хараа бүү хөө
Айлга тунхирх уйл анхааралтай хар, тэгээд болоо
Амаа ангайсан аварга загасны өөдөөс жад далайж хэн очлоо
Ач тач барилцаж арслан заантай хэн тулалдлаа
Агуйн мухарт гал улалзуулан хэн нөмөрлөлөө
Арьс хөрс хөдөргөж урц гэр хэн төхөөрлөө
Зэрэглээ залгилах зэрлэг хулантай хөөцөлдөж хэн гэршүүллээ.
Зэгс цавчиж зам гаргаж бамбар гэрэлтүүлж балар ширэнгээс хэн гаргалаа
Амьдрал түүхийн аливаа хүндийг үүрч явсан болохоороо
Амархан баярладаг, амархан гомддог юм, эр заяа
Ачлал аргадлын алган дээрээ асарч явъя, эрчүүл ээ
 
 
Дуулаг бүжиглэг, дураараа жаахан цэнгэг
Дуудлагын бүрээ цангинаж түгшүүрийн харанга дэлдэхэд
Дуу ч үгүй, шуу ч үгүй, бор шинелээс өөр өмгөөлөлгүй
Вагон вагоноор адуу шиг ачигдаж эрчүүл л дайнд явдаг юм
Жавартай өвөл гантай зунаар, ус намаг ширэнгэ, хунгар цас туучиж
Жадны өөдөөс сумны урдаас жагсаал жагсаалаараа эрчүүд л очдог юм
Жанч нөмрөгт хорвоогийн жараны нэг чөлөөнд жаахан дуулаг бүжиглэг
Жаргал хайрлалын алган дээрээ жаргааж хайрлая, эрчүүл ээ
Жавхаалаг цоглог эрчүүл минь жанжин туг шигээ сүрлэг яваг ээ.
 
 
Оюун сэтгэлийн зулайдаа оройн титэмд тахиж хайрлая, эрчүүд ээ
Олз омог олох гэж, отог улс, орон гэр эхнэр хүүхдээ тэжээх гэж
Орчлон дэлхийг талын хөх чоно шиг хэрэн хэсэж нэгжээд
Элчилгүй холоос, энэ хорвоод байхгүй юм шиг сураггүй алсаас
Эцсэн морь шиг зорьж зүтгэж орон гэртээ ирээд
Эх нутгийнхаа элсний ширхэгийг ирмэн үнэрлэдэг эрчүүл минь
 
Агшиж гандсан эжийдээ тонгойн үнсүүлж амьдын баярыг хэн өглөө
Амьсгаа авч ухаан орох шиг амраг ханьдаа амьдралыг хэн эргүүлж авчирлаа
Алаг үрээ өөд нь өргөж мөрөн дээрээ суулгаж аз жаргалыг хэн авчирлаа
Аниргүй нам гүм орон гэртээ дуу шуу болж айл гэрийн жаргалыг хэн дүүргэлээ
Эргэж ирж ээлийн нар шиг амьдалаа баярлуулдаг эрчүүл ээ
Энхрийлэл эвийллийн энгэр дээрээ эрхлүүлж хайрлая
 
Огторгуйн цээлрүү пуужин сумлаж одон гаригруу гэрэл шиг нисэж
Оломгүй цэнхэр далай руу халим шиг шунгаж, олс татаж давлуур босгож
Харийн гаригаас холбоо тосч, хайлмаг дэлхийн гүн рүү өрөмдөж,
Тэнгэрийг тэвхдэж газрыг гатчиж,  орд уурхайг нээж малтаж
Оньсон хөдөлгүүр зангидаж угсарч гагнаж, үйлдвэр босгож
Эвлэрч нэгдэж, эвдэрч задарч явдаг, эрчтэй хүчтэй эрчүүлийнхээ
Эв зөвийг нь өмгөөлж хамгаалж, эндүү алдааг нь уучилж хайрлая
Энэрэгч их тэнгэр бурхад минь урт насаа хайрла
Инээмсэглэж энэ хорвоо бүтэн байг ээ, Эрчүүлээ хайрлая
 
                                    2009.Х-2010.VI.08. Чита

Saturday, January 21, 2012

ГАРЫН МИНЬ АЛГА ШИГ ГАНЦХАН ЭХ ОРОН - ЭХ ДЭЛХИЙ МИНЬ (шүлэг)


 
 
 
Замбуу далдуу модот Энэтхэгийн далай
Заан сүрэг лянхуат нуурнаа сэрүүцэх Номхон далай
Алтан нарны аргамжаа экваторын халуун орноо
Амин сүнс нахиа охин минь суралцаж байгаа
 
 
 
 
Мөнгөн хитэгт онгоц, мөсөн уул сүлжсэн Атлантын далай
Мөнч ихийг мөрлөсөн Балтын далайн бор ногоон мандал
Язгуур ямба, суу цуу нь ихэмсэг өрнө европын сэрүүн орноо
Ялгуусны бошигт ясны минь үргэлжлэл миний дүү суугаа
 
 
 
Тэнгэрийн хаяа наашилсан юм шиг тив алгасах сонинг өнөөдөр бид
Тэрхэн агшинд нь нүдээрээ үзэж чихээр сонсож сэтгэл баясна
Охин минь, дүү минь  бид гурав орон гэртээ ажлаасаа цугларах шиг
Орчлонгийн гурван бөөрнөөс орой бүхэн мэндээ мэдэлцэн сууна
 
 
Газрын хаяа айлласан юм шиг гадаад далайн сонинг өнөөдөр бид
Гар дах утсаараа ярьж, өвөр дээрх зурагтаараа үзнэ.
Америк Европ Монгол гурав аанай манай гэрт хөөрөлдөж
Ахан дүүс нүүр нүүрээ үзэж, амин үгээ ам уралдуулан хуваалцана
 
 
Орчлон дэлхийн уудмыг туулаад барашгүй гэж хичнээн их дууллаа даа
Онож төрсөн газраа олс дээс татаж хичнээн ч хил хязгаар тогтоов оо
Гүвээ даваад хошуу тойроод зон олноороо айлсан суудаг байтлаа
Гүрэн улс болцгоож, хөрс газрыг өмчлөж, хичнээн ч  олон хуваав аа
 
 
 
 
Амин зүрхэн адил лугших Эх дэлхий минь ганцхан
Алаг нүдний цөцгий адил асар цэнхэр Тэнгэр минь ганцхан
Дөрвөн далай таван тивийн ганц итгэл дүгрэг улаан Наран минь ганцхан
Дүүрэн билиг билгүүний төгөлдөр дүн цагаан Саран минь ганцхан
 
 
 
   
 
Зургаан зүйлийн амьтнаа зураг төөрөг заяа үйлээр нь алагчлаагүй
Зуурдын үүрдийн бүхнээ зулай үнэрлэх ганц эжий шиг нь энэрч асарсан
Гариг эрхис орон зайн сансрын хязгааргүйгээс төрөл бүхэнд минь оноож өгсөн
Гарын минь халуун алга шиг ганцхан эх орон - Эх дэлхий минь амгалан байг ээ.
 
                                                            2006, 2010
 
 
 
 

Friday, January 20, 2012

ТОЛГОЙГҮЙЧҮҮДИЙН ХӨНДИЙ(Өгүүллэг)


            Ноёнтон шилэн хананы цаанаас ажиллагсадыг тааламжтай харна. Тэд агшин ч амсхийхгүй түжигнэн ажиллаж байгаа нь урамтай. Аргагүй, одоо тэдний хоолны цаг дөхөж байгааг ходоод нь мэдэх учир эзнээ шавдуулж байгаа хэрэг. Чи сая ийм л ажилласан гээд хоолыг нь алган дээр нь тавьдаг юм чинь. Хоол алган дээр нь ирэх үед тайрсан толгойнх нь ормоор үлдсэн хоолой нь умруулж уясан уутны ам шиг умалзан байж яддаг. Энэ нь хоолоо шалавхан хийгээч гэж ходоод нь шаардаж байгаа нь тэр. Энэ үед толгойгүйчүүд сууж тавлана ч гэхгүй. Босоо нь босоогоороо, суугаа нь суугаагаараа хоолоо хоолойруугаа чихнэ. Аргуун, бүхэл хоол өгсөн үед тэр нь хоолойд наашаа цаашаа ч үгүй бөглөрч, тагларч төвөг уддаг учир тэдэнд одоо ихэнхдээ л шингэн зутанрахуу юм өгдөг болсон билээ.
            Толгойгүй ажилчид маань хооллож эхэллээ. Энд тэндгүй хорр шорр гэж хоол доошоо ходоодруу урсах, бас хийтэй юм уу, ихээр ховдоглож цутгаснаас поррхийн дээшээ оргилох нь дуулдана. Нэг гар нь улаан хоолойныхоо амыг жайвийтал татаж, нөгөө гар нь хоолоо яаравчлан нэхэх ходоодныхоо түлхээсээр салгалан асгаж цутган зутангаа халбагадана. Бас гадуур нь асгасан зутангаа долоовор хуруу нь аятайхан гэгч хаман арчин хоолойруугаа шавхан хийхээ мэднэ гээч.
            Тэдний аягийг удаан харж зогссон ноёнтон хүүгээ дуудаж, өндөр залууг дэргэдээ ирэхэд хараагаа алс өөд нь өргөж
            -Тээр хойгуур хөшгирөх асга хадат шовх шовх оройтой их нурууг Айхан гэдэг юм. Харин тэр өмнүүр алсрах намхан нэлэмгэр гүвээ гэмээр нурууг Хайхан гэдэг юм билээ. Энэ хоёр нурууны дундах энэ, баруунаасаа зүүн тийш алсрах өргөн хөндийд энэ толгойгүйчүүдийн овог нутагладаг юм даа. Манай суурин бэлд нь байгаа энэ уулыг Товцог гэдэг. Манай суурин хөндийн зүүн төв хэсэгт байгаа. Тээр баруун хойно Айхан уулын бэлд нэг суурин бий. Манайхаас зүүн тийш бас нэг гээд бас бус хэдэн жижиг суурин энэ хөндийд байдаг юм гэлээ.
            Ноёнтны шилэн харшаас дөрвөн зүг цэлийж, алсын бараа алган дээр юм шиг илхэн харагдах аж.
            Хүү энд ирээд уйдсан ч юм уу, баруун хөндий тийш хараа бэлчээн байснаа
            -Аав аа! загасчилангаа баруун сууринд очих уу гэвэл, ноёнтон
            -Би чамайг ажилдаа дадтал энд жаал байзнана. Тэр үедээ л болъё. Хүний нутагт эв зүйн цай л хааяа уулцана уу гэхээс энд байгаа суурингуудаар ороод байх хэрэггүй гэж үгээ таслан шилэн хана руу бүүр тулж очсоноо
            -Чи бид хоёр юуны өмнө бэхжих хэрэгтэй. Иймд орчинтойгоо сайн танилцана аа. Нааш ир! Миний хүү! гэлээ. Хүү хананд тулж очин, доор язагнан харагдах олныг харснаа цочин
            -Хүүе, энэ хүмүүс толгойгүй юм уу гэж хашгирав. Ноёнтон маш тайвнаар
            -Тийм, тийм. Эндэхийн хүмүүс толгойгүй. Айх юм ер байхгүй. Эхний үед би ч бас энэ толгойгүй хүмүүсийг хараад жихүүцэж, тэдэнд ойртож чадахгүй байлаа. Одоо бол дасчээ. Харин чиний тухайд нүдээ дастал нэг их ойртож хэрэггүй биз ээ гэв.
            -Аймшигтай юм аа, толгойгүй мөртлөө амьд хүн байна гэдэг гэхэд ноёнтон
            -Толгойгүй боловч эд нар толгойтноос олон юмаараа давуу шүү. Элдэв юм санаж сэдэж, үймээн самуун гаргахгүй. Соёл иргэншил, хүний амьдралын хэм хэмжээг мэдэхгүй болохоороо хөлс бага, байр орон, хүний эрх энээ тэрээ гэж юм ярихгүй. Хоолоор л ходоодыг нь барьж байдаг болохоор харин их амар шүү гэв.
            -Тэгвэл хөөрхийст сайн хоол өгч байх хэрэгтэй юм байна даа гэж залууг хэлэхэд ноёнтон
            -Эд нарт хоёр өнжөөд л нэг хоргол унагаж байхаар хоолыг нь тохируулж байхгүй бол ходоод нь цадахаа мэддэггүй болохоор чацга алдаж, өмхийгөөр хэхэрч, энэ хөндий тэр чигээрээ байж суухын эцэсгүй өмхий самхай болж мэднэ гэв.
            -Өрөвдмөөр юм аа, ааваа! гэхэд ноёнтон
            -Гэхдээ гар байгаа болохоор ажиллачихна. Харин юуг ч хийчихнэ шүү. Хөл байгаа болохоор суугаа байрнаасаа өөр газар очоод хүндэрч, хөнгөрчихнө. Бас орой оромжиндоо очоод хонож чадна. Их зүгээрээ гэв.
            Толгойгүйчүүд хоолоо идэж дууссан бололтой, хөнгөн цагаан төмпөнгөө цааш түлхэж, энд тэндгүй хэхэрч байгаа бололтой харагдана.
            -Солиормоор юм гэж залуу хэлээд цааш эргэж буйдан дээр очиж суухад, толгойгүйчүүдийг харж зогссон ноёнтон
            Бас нүнжигтэй шиг хоол өгчихвөл эд нар урд, хойт уулруу юм уу, тэр их цэлийсэн хөндийрүүгээ нэг хэсэгтээ тараад алга болчихно шүү. Энэ цагаан манан хөшгирөх уудам хөндийд эд нарын овгийн олон олон отгууд амьдардаг юм гэж алсын хөндийг хараагаараа хамхиж хураах мэт аядуу хэлэв.
            Залуу аавынхаа өөдөөс нилээн тогтоож харснаа
            -Аав аа! эдний эрх ашгийг хамгаалах хэрэгтэй. Эд нар хүн шүү дээ гэхэд ноёнтон
            -Эд нар толгойгүй учраас хүн гэж тоолж, хүний эрх ашиг хамгаалах тухай ярихгүй ч байж болох юм гэж хэлснээ хүүгийн бодол өөр тийш эргэж, өөртэй нь сөргөж магадгүйг намдаахын тулд үгээ зөөлрүүлж
            -Тийм ээ, хүү минь. Чиний санаа зөв байна шүү. Ер нь “Толгойгүйчүүдийг энэрэх олон улсын нийгэмлэг” гэж байгуулж болох юм. Харин үйл ажил нь санаачилсан учир манай мэдэлд байх болно. Тийм биз гэв. Энэ ярианы дараа аав хүү хоёр тус тусынхаа бодолд нэг хэсэгтээ автан чимээгүй болов.
            Ноёнтон. Тийм шүү, зөвхөн хоол өгөөд ажиллуулаад байх биш, энэ цэнхэр хөндийн байгаль, бас нүүдэлчин толгойгүйчүүдийн отог, энэ бүхнийг гадныханд үзүүлэхэд их сонирхоно доо. Бас энэрэл нэртэй хандивын нийгэмлэг. Мөнгө урсаж ирэх бөөн боломж. Харин жуулчин авах баазыг тээр голын эрэгт байгуулна. Энэ ажлын байр руу гадны толгойтонгууд ирэх ёсгүй юм шүү гэж бодож, сайхан санаа сэдүүлсэн хүүгээ өөдрөг харж
            -Энэ толгойгүй хүмүүсийг өрөвдсөн нэг нь зохиосон юм уу, эсвэл үнэн байгаад хожмын өдөр гор нь гарч эд нар гэсгээлээ эдэлж байгаа юм уу. Тийм нэг домог байдаг юм гээд яриагаа эхлэв.
            Толгойгүйчүүдийн өвөг дээдсийн толгой нь тоорцог малгайдаа багтдаггүй их санаатай байж. Тэд бөмбөрцөг дэлхийг товчин чинээ санаж товорцог болтол нь гишгилж явсан гэнэ. Товцог хайрханаа арыг нь арлаж, өврийг нь өлтөлж, өдөр шөнөхний дотор л алганы ар өврийг урвуулж харах шиг алтан дэлхийг арлаж, өвөрлөж хэсэн эргүүлж, авиртай амьтай бүхнийг гэсгээн эрхшээж, аятай таатай, амттай бүхнийг авчирч Айхан, Хайхан хоёр уулынхаа хөндийд  хөрст дэлхийг бүхэлд нь багтаадаг байсан гэнэ. Тэр үед тэдэнд дэлхий гэдэг энэ Товцог хайрхан чинээ л байсан юм байх. Үе үе тэр хүмүүс агсам морьдоороо дэлхийг гишгэчихээр гардаг байж. Тэгээд морин дээрээсээ газар газрын амттанг амсч, өнгөтөнг өмсдөг байж. Тэгэн тэгсээр тэнхээт бие, тэсвэрт хүлэг морь байхад бүх юм болноо гээд мориноосоо бууж амттан, өнгөтөнд тэргүүнээ умбуулан боолгуулан үлдээсэн юм гэнэлээ.
            Заримдаа энэ домог үнэн байж мэднэ гэж бодогддог. Толгойгүйчүүд ихэнхдээ, хэн зааж өгсөн юм бол гэмээр ташаа тулан таахалзан эзэн суудлаар ихэрхэн суудаг, бас гүжирмэг, юуг ч давж чадмаар зоримог. Түүнийг нь анх харсан толгойтнууд ч сүрддэг юм. Толгойтой байсан бол эд нар дургүйгээ хүрсэн цагтаа бидэнд шээсээ ч долоолгохгүй байж чадах байсан ч байж магадгүй шүү, хүү минь. Гэвч одоо эд толгойгүй, зөвхөн өлмөн зэлмэн ходоодтой л үлдсэн улс гэж ноёнтон ярихдаа сэтгэлийн хөдлөлөө дарах гэсэн мэт нэг навчин тамхи асаан хоёр сорсноо ахин унтраалаа.
            Мориноосоо бууж, торго тосонд толгой нь мансуурсан тэдэнд “Энэ бүхэн бурхан тэнгэрийн их хишиг” гэж зөөлөн нам дуугаар номлон номлон итгүүлж эхлэхэд тэд өөдөө өнгийж харвал их эзэн бурхны гэгээн нигуур өөд харчих гээд байсан тул их дорд бөхийн бөхийж, толгойгоо өвдөг дундаа хавчуулан наминчлан наминчлан сөгдсөн гэдэг гэхэд ярианд автсан залуу
            -Толгойтой л байсан юм байна шүү дээ гэж лавлахад, ноёнтон
            -Тийм ээ. Тэгээд энэ галавын эхээр асга хадат сүрлэг энэ арын уулыг давж ирэгсэд наминчлан бөхийгөөд бүүр хөшиж орхисон тэднийг татаж өндийлгөжээ. Тэд сэрж, босцгоон, толгойгоо сэгсэрч үзээд, өөр хоорондоо чи би бололцон тэмцэлдэв гэнэ. Харин тэд буудалцаагүй гэнэ. Тэдэнд буу байсангүй нь зол байхгүй юу. Хэрэв буудсан бол бие биенийхээ зүрхийг тэс тэс буудчихгүй юу. Харин өөр хоорондоо бие биенийхээ толгойг тас тас мушгин, үлдсэн нэгний нь толгой өндийгөө ирэхлээр нь хойт уулыг давж ирэгсэд өндөр дээрээс тэдний толгойг тас тас цавчиж тэгшилжээ. Ингээд энэ хоёр уулын хоорондох өргөн хөндийд толгойгүйчүүдийнхний овог нүүдэллэн амьдрах болсон юм гэнэ билээ. Энэ домог үнэн ч юм уу, худал ч юм уу бүү мэддээ гэж ноёнтон үгээ дуусгав.
            -Эд нарын хүүхэд нь толгойтой төрдөг болов уу, үгүй болов уу гэж залууг сонирхоход, ноёнтон
            -Толгойтой төрдөг юм аа. Домог үнэний хувьтай байх. Харин бүүр багад нь толгойгий нь цавччихдаг юм. Зарим алсын отгоос ажиллах гэж толгойгоо авахуулаагүй идэр залуус ирж харагддаг. Нэг л өдөр харсаар байтал эд өөрсдөө толгойг нь тайрчихдаг юм.
            -Тайруулахгүй бол яахав гэж залуу сөргөж, нэг тийм залуу ирвэл өмгөөлж авч гарнаа гэхэд
            -Заншил нь тийм юм. Тэгээд авахуулахгүй гэж зугатаж, эсэргүүцэж зодолдсон залуус амиа алдаж байгаа харагддаг юм билээ гэхэд
            -Хүн аллаа гэж хууль шийтгэл байдаггүй юм уу, хачин юм гэхэд
            -Нэгэнтээ тайрагдан газар унасан бөндгөр хэнтэйгээ заргалдахав. Тэр юу ч мэдэхгүй шүү дээ. Тэгээд л бие нь овгийн ахлагчийн гарт хөтлөгдөн ажиллаж эхэлдэг юм гэв
            Ахлагчаа эд нар яаж мэдэж захирагдах вэ? Сонин юм гэхэд ноёнтон
            -Нааш ир дээ гэж залууг дуудаж
            -Тэр дунд байгаа арай биерхүү өндөрдүү эрийг харж байна уу. Энэ одоо манай талбайн ажлын ахлагч. Өмнө нь нэг бие хөнгөн шингэн гавшгай залуу байсан юм. Тэрээр ийшээ ч, тийшээ ч үсчсэн хөдөлгөөнтэй гэж. Тэр сүүлдээ над руу ч үсчээд эхлэхээр нь устгачихсан юм. Эд нар толгойгүй болохоор хэн хаачсаныг мэддэггүй. Тийм амар даа. Харин одооны ахлагч их идэмхий. Өгсөн болгоныг л гүзээлээд байна. Ямартаа бүр чихчихсэн шуудай шиг сарвайчихсан байгааг харж байгаа биз дээ. Ходоодондоо үнэнч. Гарт нь идэх юм атгуулж үзүүлчихээд жаахныг нь амсуулаад бусдыг нь дараа бол гээд авчихад эд нарыгаа ч нэг хуйлруулна даа. Хийх ёстой бүгдийг давуулж хийнэ шүү дээ. Харин наадуулдаа бага өгөөд заримыг нь бүр харангадуулчих гээд байдаг юм гэв.
            Өдрийн цочрол айдас нь залуу ноёнтноос аажим арилж холдон харин ч сонирхолтой ч юм шиг санагдаж дахин шилэн хана руу очиж талбайруу харахад наран хэдийнээ гүвээ цаагуур шингэж бүрий нөмөрч байлаа. Тэр хөндийг, талбайг харахад цагаан манан суучихсан юм шиг сааралтаж, тэнд байгаа ажиллагсад бүүр түүр үзэгдэв. Энэ яагаад манан татчихсан юм болоо гэхэд ноёнтон
            -Аа наадуул чинь тамхи татсан хэрэг. Ажлаа дууслаа гээд одоо ууж, татаж суугаа хэрэг гэв. Уух аа. Юу уух вэ гэвэл ноёнтон
            -Архи, архи. Эд нар ч архийг юүлж өгнө шүү дээ. Ямар хоол шиг хоолойд нь торно гэх биш. Зүгээр л, ходоод руугаа ус шиг урсгаад байна шүү дээ. Тархигүй юм чинь ухаан алдаж унана гэж байхгүй. Урсгаад л, юүлээд байна даа. Гэхдээ согтдог юм байх аа. Авир хөдөлгөөн нь ширүүсээд, зодолдож эхэлнэ шүү дээ гэж ярьж дуусаагүй байтал тээр дор хэд хэдээрээ шороо манарган нүдэлдэж байгаа нь харагдав.
            -Аймаар юм. Ийм улсад архи өгөөд хэрэггүй л дээ. Үүнийг харин зогсоомоор юм байна гэхэд. Ноёнтон
            -Болохгүй ээ. Эд нарын цуглаж, захирагдаж ажиллаж байгаагийн гол уяа нь энэ архи юм шүү дээ. Архинд дуртай, бүр хорхойсно гээч. Харин эмэгтэйчүүд нь эсэргүүцдэг бололтой юм билээ. Уусан эрээ оромжиндоо хавьтуулах дургүй. Хачин уухилаад л, мухар болчихсон хоолойноос нь ус ч юм уу, шүлс  гэмээр юм л үсчээд бургилаад л архийг холоо аваачин шидэж байгаа харагдсан шүү.
            -Толгойгүй хүн байдаг л юм байна даа гэж залууг өөртөө өгүүлэхэд, ноёнтон
            -Заримдаа жижигхэн хөөрхөн толгой ургаж байдаг юм. Тайралтаасаа л болдог юм уу даа. Ургасан шинэ толгойг эд нар ч юм уу, бид нар ч юм уу тайрчихдаг юм гэхэд хотын бөмбөгөр моддын илүү сэрвийж ургасан мөчир нахиаг цэцэрлэгч нар тайрч байдаг дүр гэнэт залууд бодогдон писхийтэл инээд алдан босч
            -Сонирхолтой ертөнцөд, сонин яриа ярьсан аав минь тавтай нойрсоорой гээд бослоо.
            Өглөөний нарнаар ноёнтон босч, хэдийнээ бужигнан ажиллаж эхэлсэн толгойгүйчүүдийг болон, тэдний дээгүүр тэртээд хөхрөх хөндийг гүйцэн харж чадахгүй хараачлан их их ажил байна даа гэж зогсож байхад, тансаг буйдан дээр тарайн унтах залуу ноёнтон өглөөний наран доогуур олон олон хүний толгой шоволзон нааш айсуйг харж, толгой толгой гэж зүүдэнд дундаа хашгиран байлаа.
                                                                        2003.



ЦЭЛМҮҮН (Өгүүллэг)


ЦЭЛМҮҮН
Эмнэлгийн цанхигар өрөө цэвэрхэн ч, зэвэргэн ч, Эмийн үнэр эхэндээ бэрх содон байснаа одоо мэдэгдэхээ байжээ. Цэлмүүн хэвтэрт ормогцоо намайг хөдөөнөөс аг саггүй дуудуулсан юм. Нөхөр нь хоёр хүүхдээ харах үүрэгтэй хойно, өөр хэнийгээ ч гэхэв. Танил тал гэвэл харин олон бололтой. Нэгийн гурвын Цэлмүүний  сахиулыг нэхсэн нэхэл өдрийн арван гурвантаа  ирнэ. Тэгээд
-Тийм хүн иржээ гэхэд
-Өө, оруул оруул гэнэ. Би нөмрөг  аваачиж өгнө. Цэлмүүн хэн хүнийг их л төв царайлан угтаж  энэ тэрийг асуун байхдаа өвчнийхөө тухай л харин  ам ангайх дургүй.
Үеэл маань болох тэрээр хүүхэд байхынхаа л нэр шигээ содон охин байжээ. Мэдээ орохоос бид ихэр бяруу шиг  өссөн хоёр.  Өвөл намартаа би ээж аавтайгаа хөдөө хурга тугалаа эргүүлж, хавар болохлоор Цэлмүүн  хотоос ирнэ. Ээж ааваасаа хол, гэр орноо саначихна гээд эмээ ч дураар нь тавьдаг. Тэгээд ч юм юман дээр л би би... гэх нь хөдөөгийн бүрэгхэн бидэнд зовмоор ч, ясли цэцэрлэгээр явчихсан хотын хүүхэд нүүрэмгий, хэлэмгий гэдэг ойлголтоор дуугүй өнгөрөөнө.
Арай хойно нь эмээ бага хүүхэдтэй унтахлаар хүзүүнээс таг зүүгдээд хамаг бие хөшчих юм гээд ханинд нь гэж биднийг цуг хэвтүүлдэг болсон. Өглөө сэрэхэд эмээ хоёр аяганд зөөг хярам хийж, атгасан гарын чинээ чихэртэй эвэрсэн ааруул өгнө. Тэгээд ч би эмээгийнд унтах дуртай болсон юм даг. Бид хурга ишиг эргүүлж, усанд шумбана. Хожим Цэлмүүн өндөр өсгөлүүн болсноо эмээгийн ааруул идэж, зуны зунд голд шумбасных байх аа гэхэд тэгвэл би яахлаар намхан байгаа юм бэ гэсэн үгээр амыг нь таглах гэж үзэж билээ. Гэтэл тэрээр:
-Чи өөрөөсөө том арагт элсний шороотой аргал бүүр зэргэлж чигчээд дааж ядан үүрдэг байсан юм чинь хэмээн миний үгийг сөрөх гэснээ гэхдээ би ч бас үүрсэн дээ гэсхийх.
Эргэж ирэгсдээс харин нэг хүнийг л өрөөндөө оруулж уулздаггүй байлаа. Намайг ирсний нөгөөдөр дунд зэргийн нуруутай, цайвар нимгэн зүстэй, хөдөөний миний бодоход бичиг номын гэмээр хүн ирлээ. Намайг харуутаа л
-Өө Цээеэ  юу? Хэзээ ирээв? Хөдөөгийнхөн сайн уу?  гэж инээмсэглэн гар барьснаа
-Цаадах чинь тэгээд ямаршуухан л байна  даа? гэж намайг хэзээний таньдаг хүн шиг дотно ярихад би ч баярлав. Тэр их сайхан инээмсэглэдэг хүн байв. Тэгш цагаан шүд нүүр нүднээс нь гэгээ татан айдас шаналангийн сүүдрийг сэтгэлээс оргүй үлдэн хөөх шиг. Тэр тийм  сайхан дулаан гэгээ татуулан инээмсэглэдэг хүн ажээ.
-Сайн, сайн. Та орох уу? гэж нөмрөгөө тайлах гэтэл
-Зүгээр, зүгээр, намайг ирсэн гээд Цэлмүүнд хэлчих гэлээ. Тэгэхэд нь хотын цэвэрч цэмбэгэр  хүн миний нөмрөгөөс цэрвэв үү гэсэн шүү юм бодогдоод өнөө хөөрч байсан сэтгэл аягүйцлээр солигдов. Тэгээд Цэлмүүнд орж хэлбэл
-Аан! гэснээ
-Намайг одоохондоо босч чадахгүй байгаа. Тэнхрэхээрээ уулзамз гээрэй  гэв.
-Харваас цэвэрлэг тэр хүнд хэвтээгээрээ таталсан зурвасыг нь аваачиж өглөө. Гэтэл өнөөх нь
-Цээеэ жаахан хүлээхгүй юу гэж цүнхээ уудлан үзэг, цаас гаргаад юм бичиж, боодолтой чихрийн хамт өгүүлдэг байгаа.
Дунд сургууль төгстлөө Цэлмүүн манайд очиж зусч байснаа харин би их сургуульд оюутан болоод тэднийд таван жил хамт байсан юм. Хоёул чацуу, оюутан ч гэлээ найз нөхөрлөлд нэг нь ахлах, нөгөө нь аяыг харж дагалдах маягтай л байдаг хойно, гэрийн эзэн хийгээд хотын хүүхдийн хувьд, нөгөө л би би... гэдэг түрэлхийлсэн аашаараа Цэлмүүн намайг дагуулдаг байв. Гэвч ширүүн дориун аашилж, болох болохгүй юм тулгана гэж харин үгүй. Цээеэ, эсвэл сайхан зангаа хүрэхлээр андашгүй, намайгаа миний бор охин гэдэгсэн.
Маргааш нь нөгөө хүн ажил тарахын үед ирлээ. Цээеэ минь хотын эмнэлэгт дасч байна уу? гэснээ нэг дөрвөлжин хайрцагтай юм, ар өвөргүй жирийтэл бичсэн баахан цаас өгөөд
-Би хүлээж байя. Чи Цэлмүүн дээр оччихоод ир ээ гэв. Ороод очсон чинь урьдаас
-Мандах ирж үү? гэж асууснаа захиагий нь унших зуураа
-Бор охин минь наадахаа задлаач гэв. Хайрцагтайг задлахыг харснаа
-Борхон минь баярлалаа. Одоо утастай болсных энэ муухай шархируулдаг өвчнийг ч нэг мартаад өгнөө гээд төдхөн гэр рүүгээ залгаж хүүтэйгээ ярьж гарав.
Тэр нь нугалаад дэрэн дороо ч хийчихэж болмоор чүдэнзний хайрцаг шиг жижигхэн дөрвөлжин утас[1] байлаа. Хөдөөний маньд ч үлгэрийн юм шиг юм аа гэж шагшихад Цэлмүүн
-Эрүүл саруул явахад олон сайхан юмыг анзаардаггүй мэддэггүй явж дээ гэснээ, энэ утас их хүч, хань болноо. Энэ хар өвчнийг ялж, нэг давж гарах юм шүү. Уул нь эрүүл явахад нэг их юм шаардагддаггүй юм байжээ гэлээ.
Тэгээд Цэлмүүн өчигдрөөс хойш дэрээ өндөрлүүлж хагас суучихаад  бичээд  байсан юмсаа ууттай чихрийн хамт өгөөд
-Их баярлалаа гэж хэлээрэй гэлээ. Мандахад Цэлмүүний явуулсан юмыг аваачиж өгөхөд
-Сэтгэлд нь хүрсэн л бол болох нь тэр гэснээ яваад өглөө.
Мандах өдрийн хэдэнтээ утсаар ярьдаг мөртлөө өнөөх л ирдгээрээ ирсээр... Цэлмүүн ч босч очиж уулзсангүй, нөмрөг ч өгүүлсэнгүй. Ирсэн явсан захидал л харин хоёр талд зузаарсаар..
Өнөө хоёрын тэр сонин ааш занг би ойлгосонгүй. Би аав, ээж, нөхрийнхөө үгнээс гажихгүй явдаг. Гэтэл Цэлмүүн алив юмыг толгой дааж шийдэж, өөрийн гэсэн байр сууринаас ханддаг нь хэзээнийх. Тийм болохоор бас л нэгийг бодож, өөрөө шийдсэн нь л энэ байх.
Мандах нэг өдөр, хоёр өдөр ч ирсэнгүй. Үеэл  минь хэвтэж байж чадахааргүй хямрав. Нөхөр нь хүрч ирж хөл гарыг нь тослон барьж өгөөд ч тайтгарсангүй. Харин хоёр хүүгээ ирэхэд урьдынхаараа өвчин намдаагч тариа хийлгэж, тэднийгээ өхөөрдөж, нүүрийг нь угаан элгэндээ тэвэрч суулгаад ном уншиж өгөв. Өдрийн өдөрт өөрийгөө ядартал тэр хоёртойгоо тоглож, инээж, болж өгвөл өнжих санаатай байдаг. Гэвч хөвгүүдээ явсан хойно ч нөгөө хямарсан, тайтгарч чадаагүй таг дуугүй хэвээрээ.
Маргааш өглөө нь эрт хүн дуудуулав. Мандахыг хараад би өөрийн эрхгүй
-Хөөе чи хайчсан бэ? гэж асууж орхив.
-Хэл ул өгч чадалгүй гэнэт юманд яваад дөнгөж одоо ирж байнаа гэх түүнээс нээрээ ч замын тоос үнэртэх шиг.
-Та хоёр минь яаж л байна даа? Би сандал дээр суугаад хүлээж байя. Яарсны хэрэггүй шүү гээд бас л захиа, боодолтой юм өгөв.
-Намайг өрөөнд ороход Цэлмүүн урдаас
-Мандах уу? гэсэн ганцхан үгээр угтав. Би гайхаж чи яаж мэдээв? гэсэн чинь
-Чиний царайг хараад гэв.
Цэлмүүн ундаа ч уусангүй. Мандахын захиаг уншиж гарав. Тэгээд уртаа гэгчийн амьсгал авч миний хүзүүгээр тэвэрч үнссэнээ
-Ёох, амарлаа! гэж хэлээд өчигдөр уржигдрын захиандаа нэмж хэдэн үг бичээд явуулав.
Эргэж орж ирээд би тэссэнгүй. Цэлмүүн чи ингэж өөрийгөө зовоож байх гэж. Бүх хүмүүстэй уулзах мөртлөө ганцхан Мандахтай яагаад уулздаггүй юм бэ. Бичээд байгаагаа яриад сууж байх нь дээргүй юу гэхэд Цэлмүүн миний өөдөөс  тогтуун хараад
Би өөрийгөө болон Мандах намайг зовоогоогүй. Энэ өвчин л шарлааж бүр ортой минь хадаж орхилоо. Сайн явна, сайхан амьдарна гэж би боддог мэрийдэг зүтгэдэг байсан... Амьдрал, аз жаргал бүгд миний өмнө байлаа. Тэр бүгдийнхээ ард ийм хурдан гэнэт гарчих юм гэж санасангүй гэснээ, хүнд хань болох гэж, тэр хань гэдэг нь чухам ямар байдгийг үзүүлэх гэж ямар их мэрийв дээ гэх нь тэр.
-Үгүй чи чинь хүний сайн хань, танайх сайхан айл шүү дээ гэж намайг хэлэхэд
-Цээеэ минь, тийм ч биз, үгүй ч биз гэснээ хэдэн үеийн тэртээгээс хүний хань гэрийн эзэгтэй гэдгийг хатуугаар хэлбэл, сайн зарц маягаар ойлгож ирсэн. Гэрээ цэвэрлэж, хоол хувцсаа базааж тавьдгийгаа эмэгтэйчүүд өөрсдийнхөө үүргээ гэхэд нь би дуугарсангүй. Өвчтэй хүнтэй юугаа ч маргахав. Би дунд сургуульд багшлаад хажуугаар нь гэрийн ажлаа амжуулах гэж зүтгэнэ. Өөрөөр яах юм. Цэлмүүн яриагаа жаал тасалснаа тэгээд ч миний эрүүл саруул сайхан явсан дүр төрх, амьд байсан тэр зураг төрх Мандахад үлдэг.  Мандахын гэрэл татуулсан гэгээн сайхан  инээмсэглэл надад үлдэг гэсэндээ одоо уулзахгүй байгаа юм. Амьдралын ирмэгээс түлхэгдэн, өвчинд идэгдэж байгааг минь  харвал тэр л шаналалт дүр үлдчихнэ. Тэр бүү хэл намайг оршуулахад ирээд яах юм. Зөвхөн бид хоёрын сайхан явсан үеийн гэрэл зураг тэр хэвээрээ үлдэг гэлээ.
-Чи яахлаараа ийм болдог юм? гэснээ тэгвэл хоёр хүүтэйгээ, гэрийнхэнтэйгээ юунд нялхраад байдаг юм гэвэл
-Ертөнцөд хамгийн хувиршгүй хайр бол эхийн хайр.
Хүүгийнхээ алдааг ч болов уучилж чаддаг цор ганц хүн ээж нь л байдаг.  Би мэдэж байна. Өнөөдөр би амьд л нэртэй болохоос, данснаас ерөнхийдөө гарчихаад байна. Ингэхлээр  надаас хойш миний хүүхдүүдийг сайндаа л өнчин амьтас гэж өрөвдөхөөс бус, төрсөн эхийнх нь хайраар хэн ч хайрлахгүй. Зориуд бодоогүй байхад ч өнчин хүн бусдад өчүүхэн аз хувьгүй, өрөвдөм амьтан  харагддаг. Хүмүүс зориуд биш ч, санаагүй мөртлөө тэр өнчин өрөөсөн ядруу дүр төрхөөр харьцаж хандана. Өнчинд ноён олон гэдэг нь тэр. Бодоогүй, санаатай биш ч, үнэн нь энэ. Амьдрал ерөөс тийм. Миний хоёр хүү ижийтэй байсан, ижий гэж хорвоо дэлхий  шиг нөмөр байсныг, хорвоо түүнийг нэгэнт хайрлахгүй арчсаны, түүнийг аль нэгнээр нөхөж, өр төлөөсийг хэн нэгнээс нэхэж оруулах боломжгүйг хожмоо сайн ухаараг. Эжийгээ өдрөөс өдөрт ширгэж дордож байгааг нүдээрээ харж, тэртэй тэргүй ойртож буй аймшгийг биеэрээ мэдэрч түүнд дасаг  гэлээ.
Надад хэлэх үг олдсонгүй. Үнэн юмыг бултуулах газар байдаггүй. Тэгтэл Цэлмүүн
-Цээеэ минь чамтай ярья гэж бодоод байсан юм, ашгүй ярьж авлаа. Харин Мандахын бичсэн энэ захиадлуудыг цас бороонд норохооргүй, салхи галд идэгдэхээргүй сайн битүү саванд хийгээд хамт үлдээж болно. Магадгүй, үүнийг л би чамаас гуйх гэж хөдөөнөөс дуудуулсан  байж мэднэ гэв.
Уйлахаас өөр хэлэх үг, хийх тус надад олдсонгүй. Гэтэл Цэлмүүн намайг аргадах тайвшруулах ч гэсэнгүй.
Борхон минь чамд баярлалаа. Би чамдаа нэг ч туслаж чадсангүй. Харин ч төвөг удлаа. Танайхан эзгүйд  чинь зутарч байгаа даа, нутагтаа очиход хамгийн сайхан нь голд шумбах л байдаг юм гэснээ миний нулимс татрахгүй болохоор тэгэв үү
-Нөгөө саахалтын хүүхдүүд одоо хаа яваа бол? Яагаав бага нь, нөгөө дэлдэн хөх, гаансны халуун толгойгоор  миний нурууг хайраагүй юу. Одоо хүртэл сорви нь бий шүү. Чи үзээч гэснээр бид хоёрын яриа нутаг тийш эргэлээ.
...Үеэлийнхээ ажил явдлыг өнгөрөөгөөд  хоёр хүүд нь хань бараа болж, хагархайг нь хатгаж хэд хоноод буцах гэж байтал Мандах утасдлаа.
-Цээеэ чамайг буцахаас өмнө хамтдаа бүрлээчийн газар очьё. Чи хань болооч. Яг хаахныг нь би бас мэддэггүй ээ гэж байна. Уул нь манай нутагт талийгаачийн газрыг гурван жилдээ эргэдэггүй л гэдэг. Гэвч энэ хотынхон өөр улс. Би ч  гэсэн нэг явчихвал  мөддөө ирж чадахгүйгээ бодон
-Тэгье, тэгье. Маргааш очьё гэлээ.
1996 он



[1] Энэ өгүүллэгийг бичиж байх үед манайд гар утас нэвтрээгүй байсан юм.