Сумъяагийн хуудсанд тавтай морилно уу

Сумъяагийн хуудсанд тавтай морилно уу

Friday, December 30, 2011

ҮЛГЭР ЗОХИОХ ДУРТАЙ БИ



Үлгэр зохиох дуртай, би
Үнэмшиж уйлуузай, миний хүү
Үсний чинь гогцоог имрэн үнсэж
Үүрэглэж бүүр түүр уусмаар байна.

Онгод болж чи шүлгийг минь дуудна
Одоо харин инээж болноо, хүү минь
Мөнхийн цагийг хоёул тэврээд
Мөр мөрөөр шад болж бууна

Тэнгэрлэг онгод хичнээнийг дуудахаа би мэдэхгүй
Тэгэвч чамд хайртай шүү, хүү минь
Тэсвэр муутай хаврын цас шиг
Тэрлэгт бие минь харин би биш юм шүү.




АРВАН ГУРВАН ААШ



Хэн хүнтэй би уулзмааргүй байна
Хэрүүл хайж би бухимдмааргүй байна

Уйлмаар ч үгүй, дуулмаар ч үгүй байна
Усны жараахай шиг дуугүй л баймаар байна

            Наашаа цаашаа сэтгэл дэнслэхгүй байна
            Арван гурван аашаа би нуумааргүй байна
            Амьдармаар ч үгүй, үхмээр ч үгүй байна.

Инээх, уурлах дур хүрэхгүй байна
Илүү дутуу үг унагамааргүй байна

Яриа хөөрөө дууссан юм шиг байна
Явах, ирэх хүмүүс яршигтай байна.

            Наашаа цаашаа сэтгэл дэнслэхгүй байна
            Арван гурван аашаа би нуумааргүй байна
            Амьдармаар ч үгүй, үхмээр ч үгүй байна.

Намайг магтсан үг сонсмооргүй
Наадаж инээх найз надад хэрэггүй

Намайг муулсан үг сонсмооргүй байна
Наргиан цэнгээн ч үгүйлэхгүй байна

            Наашаа цаашаа сэтгэл дэнслэхгүй байна
            Арван гурван аашаа би нуумааргүй байна
            Амьдармаар ч үгүй, үхмээр ч үгүй байна.

                        1992 он.
                                    “Хурд” хамтлаг аялгуу зохиож дуулсан.

ХОЛБООНЫ ДАН ЦАГААН БАЙШИН



                                   Сумын төвийн барилга бүхэн дан цагаан
                                   Шуудангийн байшин шоо шиг жижигхэн

                                   Захиргаа сургууль үүдэндээ цөөхөн модтой
                                   Зайдуу баригдсан уурын зуух эрээн яндантай.

                                  Өнжөөд буух онгоц бүхэнд содон ч
                                  Өдөр бүхэн би холбоогоор эргэнэ.

                                  Сургуулиа төгсгөөд сэтгэлдээ тээж ирсэн хайр
                                  Сумынхаа төвөөс чамайгаа бүр их бодох юм.

                                  Суухлаар босмоор, босохлоор суумаар болж
                                  Сураг чагнан гадаа гарах юм.

                                  Цэргээс ирсэн шар бажгартай харчуул
                                  Цэнхэр “ИЖ”-тэй өмнүүр хөндөлсөж
                                  Урин харц өдсөн үгээрээ ээрэвч

                                  Тэднээс чамайгаа л үгүйлэн нэхэж
                                  Тэсгэлгүй би захидлаа бичнэ.

                                  Бичиж дуусмагцаа л шуудан руу гүйнэ.
                                  Би гэнэт ухаан орох шиг замдаа зогсоно.
                                  Захидлаа дундуур нь хуваачихаад буцаж алхана.

                                  Холбооны дан цагаан байшин давхар болохгүй
                                  Хоолойд торсон гуниг уруул давахгүй.

                                  Ирж яваа олон өдрийн нэгэнд нь
                                  Эх хүний тогтуун намба минь яваа.
                                                                       1988 он

Улсын тэргүүний Ургамал сумын дунд сургууль


АМЬ


Дөрвийн дөрвөн булга
Дөнгөж нэг малгай болно
Дөрвийн дөрвөн амь
Нэгэн толгой бүчнэ.

Тавын таван арьсыг
Танаж оёж нэг дээл болно
Тавын таван амь
Нэгэн биеийг хулдана

Есийн есөн амиар
Есийн есийн жаврыг хаана
Өөрийнхөө үсийг гээчихээд хүн
Өрөөлийн амиар дулаацаж явах юм.





                       

БУЛГИЙН УСНАА МЭЛТРЭХ САРАН



Айлын хөөрхөн Болормаа гэж
Нүүр улайтал нутгийнхан дуулна

Аваад мордох нь хэн бэ гэж
Нүдрүү ширтэн залуус асууна.

Булгийн уснаа саран мэлтрэх намуухан үдэш
Булиглах зүрхээ дарж ядан би түүнтэй болзсон

Усан дотроос сарыг шүүн уулгана гэж тэр амлаад
Удтал бид инээлдэн хөгжилтэй тоглосон

Алган доторхи уснаас нь сар холбирон ойчиж
Аанай л булаг дотроо мэлтэлзээд байсан.

Хөөрхий тэр минь амласандаа хүрээгүй болохоор
Хүнээр түшүүлээд би нэг л өглөө хадамд гарсан.




ОХИН НАМАР БИД ГУРАВ



Дэлхий хэрсэн замын тасаг шиг
Дэлэм дээсээр охин тоглоно
Хув хувхийн газар алгадах нь
Хоног өдрийн хуудас эргүүлэх шиг ээ.

Уртын урт намрыг ажралгүй
Уйдахын завгүй охин тоглоно
Улаан навч имрэн намайг суухад
Унах навчны зайгаар охин өснө

Ирэх одохыг эрэгцүүлж суухад
Эргэх дээсний тоогоор охин өснө
Эрвээхэй алчуураа засаад босоход
Ихийг шүүсэн бодол минь өтөлнө.