Сумъяагийн хуудсанд тавтай морилно уу

Сумъяагийн хуудсанд тавтай морилно уу

Thursday, March 8, 2012

Урнаа (Өгүүллэг)


УРНАА

            Урнаа! Алив наашаа! хоёулаа жаахан сууя л даа гэж Дэлгэр дарга аргадангуй зөөлөн дуугарахад
            Нүүрээ тольдон гарахаар зэхэж суусан гялавхийсэн цагаан хүүхэн
            -Дэлгэр дарга минь ажил тарчихлаа шүү дээ гэх зуураа ширээн дээрх юмаа далд хийнгээ цаг руугаа хяламхийн цүнхээ гаргаж тавив.
            -Ажил тарах нь тарлаа л даа. Гэвч…гэхэд Урнаа үгийг нь таслан
            -Манайхан явчихлаа, Хүмүүс юу гэх юм билээ гэхэд
-Хүмүүс юу гэвэл гэж л байг, манайхан мэддэгээ мэдэж л байгаа шүү дээ гэв.
            Энэ нь ч үнэний хувьтай. Дэлгэр лав арваад жил Урнаатай хөөцөлдсөн нь үнэн. Тэр инженер байхаасаа л ном шагайж ажил ажил гэж явснаас биш охид хүүхнүүдтэй орооцолдож айл гэр болж амьдрал ахуйгаа төвхнүүлэх талаар бодсонгүй. Голдуу ажил дээрээ хооллочихоод явдаг гоонь эр. Бусдын адил хэн нэгэнтэй дарвиж ганц хоёр шил юм султгаж байгаагүй гэхэд болно. Нөхөд нь эхлээд манай хүн гэрлэхгүй байхыг бодоход нэг л гажигтай байх гэж жиг жуг инээлддэг байж. Харин Урнаа гэж үг хатуу, догшин ааштай ч оногдсон ажлаа яв цав хийчихдэг чамбай энэ хүүхэнтэй хөөцөлдсөнөөс хойш эл яриа аажим намдаж одоо бүр мартагдсан бөлгөө. Харин ч манай хоёр нийлчихвэл зүгээр. Дэлгэр дарга шиг харц нь ном, бөгс нь суудлаасаа ховхордоггүй хүнийг ширүүхэн шиг эхнэр хөтөлж явахад гэмгүй гэх буюу тэгээд ч Урнаа шиг ганцаараа зүтгэж яваа бүсгүй хүнд аль ч талаасаа нэмэр түшиг л болно гэлцэнэ. Гэтэл зарим нь
            -За за гэрлэж бараалалгүй өдий хүртэл ганцаараа явсан хүн хажиг хадарган, зожиг хожиг, баргийн хүнтэй таарахгүй, тэгээд ч том болсон хүүхдүүдтэй учир зүйгээ олно гэдэг бэрх, хүүхэд бага байх тусмаа хүнд дасахдаа амар гэх буюу, эсвэл яг нэг гэрт ороод аяга хоолоо хувааж идэхийн толгойд тулаад ирэхлээр амьдрал ч бас янзын шүү гэлцэнэ. Гэвч энэ яриа олон жил яригдаж эцэстээ
            -Та хоёр хэн хэнийгээ мэдэхийн дээдээр мэдэхдээ туллаа. Урнаа минь охидууд чинь өсөөд бие даан амьдрахаар боллоо. Одоо чи өөрийгөө бод. Алийн болгон ганцаараа явахав. Насны эцэст сайдаж муудаж аяга цайгаа хувааж уух ханьтай болж үз. Хүүхдүүд нэг нэг юм дагаад явчихна. Туурга тусдаа л бол тусдаа. Тэднийхээ төлөө залуу насаа барлаа, эрхбиш чамайг ойлголгүй дээ. Удалгүй түрүүч нь хүүхдээ авчраад орхино. Ингэж л үр хүүхэд эцэг эхээ эргэж хардаг юм гэж хэлнэ.
            Урнаа энэ бүх яриаг одоо хэн нь юу гэж хэлэх гэж буйг андахгүй мэддэг болжээ. Гэвч Дэлгэртэй сууя гэхэд сэтгэл нь нэг л хүрдэггүй аж. Өөрийгөө ямар богтлолтой биш.
            Саяхан Зандан гуай жаахан халамцчихаад ах зах хүний зандарган өнгөөр
            -Охин минь чи Дэлгэр даргатай суучих, аан! Ядаж хажуудахиа алдаж, өглөө оройд өрц элэг нь уйлж мэгшиж сэрж, өвөр түрий нь хөрч хөлдөж явсан амьтан биш гэхэд Урнаагийн гол хайрагдах шиг болж, нээрэн ч тийм дээ гэж сэтгэл нь  халагласан. Зандан гуай Урнаагийн сэтгэлийн халаглалааг сонсох гэсэн шиг азнаснаа, энэ хүн чамайг л хардаг, хүлээдэг тийм биз аан! гээд дуугарахгүй болохлоор нь
–Алдах юм юу байна! Урьд нь гэрлэж бараалж, нэг амьдрал үрж барж дуусгаж, цөхөрч хөхөрч явсан биш. Ядаж архи ууж, тамхи татдаггүй хүн. Үгүй дээ л насныхаа цалинг цуглуулж, хураасан мөнгөтэй хүн гэхэд Урнаа үгийг нь гүйцээлгүй
            -Мөнгө, мөнгө л гэх юм, мөнгө чинь ямар…юу…юм уу гэж шилбүүрджээ.
            Зандан гуай болон ажлынхан нь ойрдоо түгшиж эхэлсэн хийгээд Дэлгэр, өнөө орой түүнийг хоргоож суугаа нь ч цаанаа учиртай юм.
            Сарын өмнө Урнаагийн компьютерийг засах зарлалыг барьсаар Харцага иржээ. Хэн хэнийх нь ижил ханьгүй эзгүй харц дорхноо ойр дотно танилцуулж орхив. Ганц бие өнчин өрөөсөн улсын зовлон ижил болоод тэр биз. Яриад яриад тэдний яриа барагдсангүй, харин ч цаашид бүр өрнөх тийш болсныг анзаарсан дэргэдийн нөхөд нь энэ явдлыг зогсоох, өөр тийш нь залахыг хичээсэн нь энэ.
            Харцага түс тас шулуухан яриатай. Амьдралын гашууныг дарж буй нь энэ гээд балгах дуртай. Архи уудаг аавтай дөрвөн хүүхдийг хэн л өрөвдөж халамж бөөцийндөө багтаана гэж. Урнаад өөрөөс нь бусад хүн тэднийг ойлгох ч үгүй, гомдоомоор юм шиг санагдана. Тэгээд энэ хямарган сэтгэлийг дөрөөлсөн шиг нэг л мэдэхнээ нь Харцага бид тэгээд яах болж байна гэсэн шиг өр нэхэж, үг тулгах аятай болжээ.
            -Хүүхдүүдээ ч, өөрийгөө ч бод. Архи уудаг хүн яаж амьдардаг юм гэхэд
            -Яадаг юм. Хүссэнээрээ хүн амьдрах биш. Чи л гэхэд хүссэнээрээ амьдарч байгаа гэж үү? гэж Харцага хариу асууж, санаанаас шалтгаалахгүйгээр болж байдаг орчлонгийн явдал юмсын дэргэд бид юухан билээ гэнэ.
            -Урнаа минь хоёул нэг гэрт орчихъё. Бүр өнөөдөр. Яг одоо хамт явъя, тэгэх үү? гэж гэнэт Дэлгэрийг хэлэхэд олон жил хойно урд нь орж хөлд нь орооцолдон явахдаа олигтойхон ч үг хэлчихдэггүй хүн ингэж гэнэт тулгасанд Урнаа эхэндээ цочив. Тэгээд зөвхөн яаж байна гэсэн шиг өөдөөс нь харснаас бус яг хэлчих үг олдсонгүй. Гэвч хойхно нь  Урнаа
-Үгүй, үгүй ээ. Би одоо явах хэрэгтэй байна. Явлаа гэлээ.
            Урнаа надад хань болох байх аа, ингэж байснаа бие биедээ дасах байлгүй гэж Дэлгэр хоног сарыг өнгөрөөсөөр нэг мэдэхэд олон жилийг авчихсан хэрэг. Дэлгэрийн тухайд нэг их хайр сэтгэлээсээ илүү одоо Урнаад дасчихаж. Тиймээс ч энэ хүүхнийг өөр хүн дагаад явчихна гэхэд тэсч тэсвэрлэж дийлмээргүй, тэр бүү хэл өөрийг нь доромжилсон шиг санагдана. Эргээд санахад Урнаагийн чанга занд захирагдан дагадагаа ухаарав. Эхлээд ийм догшин ширүүн зантай хүний дэргэд эрэгтэй хүн яаж тогтох вэ дээ. Тэгээд дөрвийн дөрвөн хүүхдээ орхиод аргагүйн эрхэнд салаа биз гэж түрүүчийн нөхрийг нь өмгөөлөн бодож байсан цаг бий.
            Цаг яваад л байдаг. Урнаа адгаж эхлэв. Харцага хүлээж байгаа. Аягүйтвэл ажил дээр давхиад ирнэ дээ. Өнөөдөр хүүхдүүдтэйгээ танилцуулна гэсэн юмсан. Энэ Дэлгэр нойтон хамуу шиг салдаггүй нь юув гэж дотроо ундууцна.
            Хайр сэтгэлээ хаа явааг мэдэхгүй ч дотроо түүнийгээ хүлээж эрж, дэгэлзэн явсан охин хонгор насанд нь Нүрзэд тааралдаж билээ. Нэг хоёр кинонд тоглочихсон, урлагийн сургуулийн нүүрэмгий оюутан, тэгээд бие бялдар, царай зүс тэгшхэн тэрбээр Урнааг яах ийхийн зуургүй хуй салхи мэт өөртөө ороон авч билээ. Айл шиг л сайхан айл байлаа. Бага хүүгээ төрүүлээд
            -За ямар ч байсан Нүрзэд минь хүүтэй боллоо гэж баярлаж байгаа гэж бодож орой ирэхэд хоолыг нь хөргөчилгүй байхсан гэж жаргалтай, дүүрэн сэтгэлтэй суутал ховын хар эрээн үг гэрт нь орж иржээ. Нүрзэдийг гэм зэмгүйхэн инээсээр босго алхтал
            -Хар нялх дөрвөн хүүхэдтэй гэр сахиулчихаад бас ингэж царайлнаа чи… гэсэн хар хор хоолой өөд нь цоргиж галзуу эрслэнгийн омгоор Урнаа босчээ.
            -Зайл, зайл тэр янхан эмтэйгээ нүднээс минь далд завхарч яв гээд нэг үг сонсолгүй бүх хувцасыг нь боож, царайг чинь харж явснаас Цагаан даваанд булчихсан бол сэтгэл минь амар байх байлаа гэсээр үгний хариугүй хөөчихсөнсөн. Гэхдээ хүнийг амьдралаас булааж авчихаад амьдралын тэхий дунд гундааж гандааж хаяж болох уу гэж дэндүү их гомдсон гомдлоо Урнаа барьж дийлээгүй дээ. Тэгээд яахав. Догшин аашийнхаа өр төлөөсөнд хүүхдүүдээ хүний гар харуулалгүй эрүүл саруул өсгөж гурвыг нь дээд сургуулийн босго алхуулав.
            Охид нь өсөөд гэрийн ажил, амьдралын ачаа олон юм нуруун дээрээс хөнгөрснийх үү, эсвэл эр хүнд гомдсон гоморхол цагийн урсгалд элэгдсэнийх үү, Харцагатай уулзснаас хойш сэтгэл нь дэгэлзэн өөрийгөө зовлонд хийх гээд байгаа, жаргаах гээд байгаагаа мэдэхгүй хямардаг болжээ. Харцага ажил тарахад автобусны буудал дээр хүлээж байх болов.
            -Бид ямар хүүхэд биш юунд ингэж байдаг юм? гэхэд
            -Нэг орой л чамайг тосч авалгүй өөрч тийш нь явуулчихвал чамайг тэр чигт нь алдчих юм шиг санагдаад айх юм гэнэ. Арга ч үгүй биз. Алдаж үзсэн хүн болохоор. Нэг удаа дундах банди нь халуурч шөнө уйлж босч ирснийг нь сонссоноос хойш хөөрхий яаж өвдөө бол гэж санах бүрийд “Эвий минь эхгүй амьтан” гэж Урнаагийн зүрх нь шархиран өвдөх шиг болдог болжээ.
            Урнаа ширээнийхээ араас босч Дэлгэрт дөхөж очоод
            -Ядарсан намайг ажил, амьдрал дээр минь харж хандаж явсанд чинь мартахын аргагүй баярлаж явдаг шүү гэж хэлээд тов товхийтэл алхаад гараад явчихав. Тасхийтэл хаагдсан хаалганы цаана тагжирсан Дэлгэр үлдэв. Түүнд мартахын аргагүй гэдэг тодотголтой түмэнтээ баярлалаа гэдэг үгээр солихооргүй Урнаа яваад өгөв.
            Хүн үйлийн үр рүүгээ л зүтгэдэг хойно яахав, ганцаараа өсгөсөн дөрвийн дөрвөн хүүхэд нь цөөдсөн юм шиг, ахиад өнчирч өеөдсөн дөрвөн хүүхдэд эхийн бүлээн алга сунгах гэж, эмэгтэй хүнгүй ханхигар гэрт очиж эх хүний бүлээн халуун дуу, гэрэл гэгээ өгөх гээд амьдралын нэгэн шинэ замыг чиглэн гараад явчихлаа..
                                                                                    1996, 2005

No comments:

Post a Comment