Сумъяагийн хуудсанд тавтай морилно уу

Сумъяагийн хуудсанд тавтай морилно уу

Sunday, January 8, 2012

ЭЖИЙ МИНЬ ЖАРГАСАН УУ, ЗОВСОН УУ ГЭЖ АХИН ДАХИН СЭТГЭЛД УРГАДАГ (Дурсамж)


           Эжий минь жаргасан уу, зовсон уу гэж ахин дахин сэтгэлд ургадаг. Ааваас минь хойш энэ хорин жилд бүх хүүхдээ айл орон болгож, амьдрал ахуйтай нь хүний зэрэгтэй залгуулжээ. Тэгэхлээр хүн ёсны үүргээ сайн гүйцэтгэсэн хүнд ийм асуулт тавих нь илүү хэрэг.
            Зуны зун нутагтаа очих сайхаан. Аав ээжийнхээ гэр, өсч төрсөн нутгаа монгол хүн юугаар солих билээ. Нутагтаа очиж, эжийтэйгээ сар болоход бие тайтгарч, сэтгэл нялхран ухаан уужрах шиг болдог. Эжий минь ертөнцийн ёсыг үзүүлээд жил тойрон болжээ. Одоо л харин эжий минь үнэхээр харагдах бараа, хайх мөргүй болжээ гэдгийг урьд урьдаас илүү мэдэрч, шөнийн хоногоор илүү их өрөвдөн үгүйлж, байн байн нүдэнд нулимс хургаж, сэтгэлд ургах боллоо. Түүнээс биш нутагтаа, муу гэртээ л сууж байгаа юм шиг санагдаж, нутгаас хүн ирсэн дуулдвал хэрэг болгон очиж уулзан эжийгээ асуумаар, нутаг явж байгаа хүнээр эжийдээ чихэр боов даймаар болдог байлаа. Дэлгүүр хоршоогоор явж эжийдээ тохирох зөөлөн, аятайхан амттайг шилж сонгон, түүнийгээ боож эжийдээ өгч явуулж байсан үед хорвоо дүв дүүрэн, ямар их жаргалтай байгаа вэ.
Завхан.Ургамал сум. Хүнгий гол.Сүвэн улаан уул.
            Эжийн минь аав Цэнджав нь Төмөр даргын ууган нь. Том хүүгээ лам болгохоор Тэгшийн хүрээнд шавилуулж. Тэгтэл нэг удаа аавыгаа эргэж очиход нь Гоожав тойны бага охинтой гэрлэнэ гэж. Тэгэхлээр нь Төмөр дарга
            -Болохгүй, сахил санваар хүртсэн. Чи лам болно гэж. Тэгэхэд нь Цэнджав гуай
            -Үгүй, заавал гэрлэнэ гэж.  Хоёул маргаж, сүүлдээ таныг зөвшөөрөхгүй бол аав хүүгийн тангараг тасарна гэж. Ингээд Төмөр дарга аргагүйдэж, хүүгээ хүрээ хийдээс нь гаргаж, гэр төхөөрч гэрлүүлжээ.
            Гоожав тойныхныг Хун тайжийнхан гэдэг бөгөөд тэрээр жаахан халсан үедээ “Танай сартуул хошуунд миний гурван охиныг гүйцэх хүүхэн бий юу” гэж бардамнадаг байж. Гоожав тойны бага охин Цэнджавын гэргий эжий минь ээж тэрээр уран гоо уяхан танхи бүсгүй байсан гэдэг. Тэрээр нүүх болоход ус нутгийн савдаг сахиусаа баярлатал гоёчихоод ачаалж дуусахыг хүлээн бууцны бэлд тэнгэрийн үүл шиг бор морио хөтлөн суудаг байж. Тэгээд хөсөг бэлэн болоход ачаагаа хөтлөн хөдөлдөг байсан гэсэн.
            Эжий минь сайхан дуулна, сайхан найрлачихна. Алив нэгэн найр хурим болоход аав ээжид хандан
            -За самгаан дуугаа гэж. Нөгөөх нь “Би дуулахгүй бол хэн дуулахав” гэсэн шиг уриалгахан авч дуу эхэлдэгсэн. Хэдэн жилийн өмнө монгол телевизийн сэтгүүлчид очиж зураг авсны орой бид шөнө дөл болтол дуулцгаалаа. Дуулахад, холоос зочин ирэхэд нутгийн уул ус баярладаг гэдэг. Эжий минь нэлээд хөөрчихсөн “Цагаан толгойтой хөгшинд юм бий шүү” гэж авдраасаа нандин идээ будаа архи дарс гаргаж байсансан. Бас зөндөө их дуулсан. Хүмүүс эжийг минь сайхан дууллаа гэхэд
            Алт гэдэг шармал
            Амьдарна гэдэг нь
            Мөнгө гэдэг нь цагаан
            Мөнхөрнө гэдэг нь худлаа... гэж байгаа юм шүү дээ гэж дууныхаа үгийг тодруулан хэлээд дуулж байж билээ. Орчлон ертөнцийн жам ёсыг хэлээд дуулахад болж л байсан. Харин тулаад ирэхэд, туулаад гарах нь хүнд юмаа. Жаргасан жаргал, хайрласан хайр, энэрсэн энэрэл, ачилсан ачийг эргэж ухааруулахын тулд орчлон хагацаадаг бололтой. Энэ нь эргээд амьдрал гэдэг ийм үнэтэй, гэгээн тунгалаг жаргалтай, иймээс амьдралыг хайрлах учиртайг өгүүлдэг хэрэг.
            Нутгийн залуучууд эрүүл ч, согтуу ч “Талын Гурван Улаан”-ыг ганхасхийгээд дуулаад очиход эжий минь архиа сөгнөдөг гэсэн. Тэгээд тэд Гаажаа охин чинь танд зориулж дуу зохиож байна уу гэхэд ээж минь
            -Зохионоо, зохионо. Эжийн тухай дуу олон болохоор бас хэцүү гэдэг байсан гэнэ. Ээж минь өөрөө бас дуу шүлэг зохиодог байсан юм шүү. Жаран долоо найман оны зудыг манайх борлонгийн гарзгүй давсан юм. Түүндээ эрэмшсэн юм уу хоёр ч шүлэг зохиосон бөгөөд хавар амралтаараа очиход надаар бичүүлээд аймгийн сонинд явуулсан юмдаг. Нагац нар минь номтой хөгшчүүл байсан болоод тэр үү ээж минь домог, хууч, үлгэр их мэднэ. Маань сайхан хөгжөөнө, цагаан ногоон дара эхийг шажигнатал уншина. Одоо бид төдийгүй ач зээ нар нь маань хөгжөөх, үлгэр ярих, зарим нь дара эх мэгзэм уншихаараа хаа ч газардахгүй шүү. Амьдралаа хий өнгөрөөсөн хүний тухай “Урьд нэг эмгэн байжээ. Түүний нас өндөр болж үхэх нь ойртож. Тэгтэл эмгэн “үлгэрт үлдэнэ гээд үдээрээр тулгаа үдсэн юм” гэнэлээ. Үдээрээ тулгаа үдсэн хүн чинь тэнэгийн жишээ болж үлгэрт үлдэж байхгүй гэж ярьдагсан.
Бор хярын элсэн манхан
            Уржнан эжийтэйгээ хоёр сар гаран болсонсон. Жаргалтай, тайван, ахин ирэхгүй сайхан үе байжээ. Өвдөх өвчин, хэвтэх хуучгүй ч эжийдээ тэр намар нэг л хоргодоод болдоггүй ээ. Би ажлаасаа чөлөө авлаа. Цаг, ажил хоёроор далайлгалгүй, ээжтэйгээ хамт нэг намрыг авах боломжийг олгосон хүрээлэнгийнхээ удирдлагад баярлаж явдаг юм шүү. Намайг арван сар гартал байхаар болсныг сонсоод эжий минь баярлаж байна. Найман сар өнгийлгөөд айлууд намаржааллаа. Бид зуслан дээрээ ердөө л хоёулхнаа байх болов. Хүнгий голын хөвөөн дээр, хүйтэн харз устай, сэрүүн дэнж болохоор эжий минь зусландаа илүү дуртай. Ямартаа л “Хос сайр эжий минь” гэдэг байхав. Эжийдээ би бараг сүүлийн энэ зун л өглөө цайг нь чанаж өгсөн байх аа. Эргээд бодоход ээж минь сүүлийн зунуудад тогоондоо бага сүү загсаадаг болсон байлаа. Хааяа зарим өглөө сэрэхэд галлаагүй байна. Тэгэхэд хөөрхий минь загсаасан өрмөө өргөж дааж гаргаж чаддаггүй байж л дээ.
            Хоёулаа юм ярьж, хуучилж тааваараа удаан цайлна. Дараа нь би тугалаа тууж ирэнгээ ганц хоёр араг аргал түүнэ. Эх нь бараагүй бол ахиухан түүх санаатай жаахан удвал ээж дуран барьчихсан гаран орон бөмбөгнөн яваа харагдахаар бушуухан харина. Үхэр иртэл аарц буцалгаж, чихэртэй ааруул хэвлэнэ. Богийн сүүгүй өдий цагийн найман сарын монголын сүү дангаараа олигтой ааруул болдоггүй юм. Энэ жил харин шинэ юм сурлаа. Дал гарчихаад бас л юм сурдаг байна шүү. Миний хүү ааруулын хөөрхөн хэв мэдэж байгаарай гэнэ. Бас хоёулаа тос гүзээлнэ. Голын хүмүүс ирэхийг дөхүүлээд цай, гамбир бэлдэнэ. Нутгийн залуучууд голд малаа услангаа ирж цай ууна. Нутгийн улс болохоор дотроо бас бид хоёрыг эргэж яваа хэрэг. Хэд хоноод сумаас Майлаа Эгчээ хоёр чихэр боовтой ирж шуугина. Саалийн хэдэн үнээ бага үдийн алдад гол гатлаад гараад ирнэ. Нэг удаа есөн сарын аравдаар цас орж хүйтэрч шуурав. Тэр өдөр үхэр саахад миний чигчий хуруу даарсандаа тасрахаа шахаж билээ. Жилийн жилд эжээс өвлийн эхээр нутгийн унаа машинаар хэдэн гүзээ тос, аарц ааруул ирдэгсэн. Эжий минь хичнээн намрын оройтож ирэх үхэр харуулдан, нойроо хугаслан даарч байж авдаг идээ байсан юм билээ. Бид хотын хүүхдүүд нь эжийн тос аарц, тарагны амттай сайхныг гайхаад хуваагаад авчихдагсан. Ер нь ээж минь идээний гартай хүн байсан юм. Ямар ч цагт идээ цагаа бялхаж л байдагсан. Тиймдээ ч олон жил нэгдлийн ашиг шимийн аварга болсон. Дандаа давуулж биелүүлнэ. Тэгээд дараа нь өөртөө зөндөө их тос ааруул авна. Сургуульд байхдаа аавыг төв орж ирэхэд хамтдаа пинд очиход сумын агуулах шиг уутаар ааруул, том том савтай тос пингийн нуруунаас зүүлттэй байдагсан.
            Эжийтэйгээ хоёулхнаа байх энэ хугацаанд юу эсийг ярихав. Бид настай улсыг илүү хошуу нэмлээ, хэрэгт дурлав, дуугүй бай. Хоол цай байна, дутуу юм алга, өөр юу хэрэгтэй юм гэцгээдэг. Гэтэл тэр хүмүүст инээх, ярих, хөөрөх, сэтгэлийн хань хэрэгтэйг мэддэггүй. Эжий минь тэр намар дал гартлаа юунд баярлаж, юунд гомдсон, хэнтэй сайдсан, муудсан бүхнээ сэтгэлээ уудалж ярьсан байх. Сүүлд үүнийг зөв байж гэж бодсон. Хүн амьдарсан амьдралаа эргэн харж, шүүж, сэтгэлийн бүх тайллаа тавибал хорвоод сэтгэл хурьцахгүй болдог байхаа гэж бодсон. Гэхдээ эргээд бодоход асууж лавлах зөндөө юм үлдсэн байсан. Мэдээж далан гаран жилийн түүх дал хоногт яаж багтах вэ.
            Оройд орыг нь засаад, шүүсэн тараг хоршиж өгөхөд их тааламжтай. Мөн урьдынхаа адил усанд оруулж, үсийг нь засч, хумсыг нь авч, хувцас хунар, гэр орныг нь арчиж угаахад яг л бага хүүхэд шиг баяртай байдагсан. Гэтэл энэ маань арван хүүхэд төрүүлж өсгөж, говийн өвлийн жин жавар сөрсөн нүүдэл, хаврын нүдгүй хавсарганаар авсан төл, хөлгүй улаан мананаар самнасан ямаа, хөөвөрлөсөн үхэр адуу, зуны гал шиг нарнаар борлуулсан цагаан идээ, зуу зуун тэнгээр эгнэх үүрсэн аргал, улирал улирлын амралтаар арван хэдэн том жижиг гутал эгнүүлж тавиад лааны гэрэлд бөхөлзөн, хатуу ширэнд өндгөө цоочин уллаж байсны дэргэд юусан билээ. Харин хөнжлөө ер солихгүй. Тэр нь бидний багадсан хуучин хувцас цамцөөр энд тэнд нь нөхөөс тавьсан аавын отрын хөнжил байлаа.
Завхан.Ургамал сум. Хүнгий гол
            Бага дүү Оргио минь хонь услаад голд орж ирнэ. Ирэхдээ бид хоёрт мах шөл дөхүүлнэ. Тэгээд энээ тэрээ гэж өнжөөд, сүүлдээ үхрээ сааж дуусахаар чинь голоор гаргачихаад... гэх мэтээр хойшлуулсаар нар жаргахаас өмнөхөн л морддогсон. Энэ нь хором хормоор цаг эргэлтгүй буцаж байгааг хэн хэн нь сайн мэдэрч байсных. Цахилж байгаа цагийг зогсоох арга үгүй. Цаг нь болсон бол мянган бурхан хүрээлээд ч нэмэргүй юм гэнэ лээ гэж эжий минь ярьдагсан.  Мянган бурханы эжийг үхэл авах гэж ээрэхээр нь эжийгээ бадар аягандаа хөмөрч нуугаад мянган бурхан өөрсдөө гурван давхар хүрээлэн сууж гэнэ. Түүнийг явсны дараа аягаа сөхтөл эжийг нь аваад явчихсан байсан гэдэг. Цаг нь болсон бол мянган бурхан хүрээлээд нэмэргүй юм гэнэлээ гэдэгсэн.
            Хотруугаа буцахдаа би бас эжийг дагуулаад, эжий ч дагаад явах бодолтой хоёул Алдархаанд Нанжид ахынд ирэв. Гэвч хот явж амжихгүйгээ замдаа мэдсэн л дээ. Тэгээд ахынд хамт хэд хоноод би буцав. Харин хоёрын хоёр сар хамт байчихаад яг буцахдаа эжийдээ үнсүүлж чадаагүй юм. Явах машин өглөө их эрт ирэв. Миний тухайд бол аймаг ортол хагас цаг ч хүрэхгүй хойно цай цүү санаанд орсонгүй. Юмаа машинд хийчихээд гэрт орлоо, ээж алга. Гадаа гарлаа, алга. Ээж гэж дуудаад гэр тойрлоо, байдаггүй. Намрын намарт олон жил олон хүүхэд үдсээр байгаад зүрх нь эмэрчихсэн юм билээ. Сүүлд нэхэж бодоход бидний явах унаа тээр баруун урд Бор үзүүрийн хөтөл дээгүүр гараад ирэхэд, бид бужигнаж эхлэхэд ээж ач зээ нараа босон суун үнсчихээд яахав, ийхэв гэж хойно урд орж бөмбөгнөж байснаа нэг мэдэхэд тугалын урдуур ч юм уу, өөтөө ажил гаргаад нэг тийш явчихна. Гол гатлаад бид суух машиндаа хүрч, тайван айван болж, морь малаа буцааж байх үед, ээж гэрийнхээ үүдэнд сүү өргөн торойж зогсоо харагдана. Тэгэхэд бид голын тэртээгээс дуудан далладагсан.
            Сумын төв дээр, суурин газар эжий минь идээшсэнгүй. Өвлийн гурван сарыг дөнгөж өнгөрөөгөөд цагаан сарын өмнөхөн хөдөө рүүгээ Хөтөл-Ус руугаа хүчрэгдэхгүй нүүсэн байлаа. Миний бага эрэгтэй дүү Оргиог сумын төв орж ирэхэд нь нүүнэ гэж дагажээ. Нүүх болоогүй. Цагаан сар өнгөрөөгөөд нүү гэхэд, ахин дахин шалж, нөгөөх нь авч нүүхгүй гэхэд “Тэрэгтэй нь ганцхан чи юм уу. Тэтгэврийнхээ мөнгөөр тэвштэй юм олоод араас чинь нүүж очно” гэж. Тэгээд дүү минь аргагүй ачаалаад явжээ. Ингээд Ах тайжийнд бэр болж ирснээсээ хойш тавь гаран жил нялх төл хүлээж авсан тэр л хаваржаандаа Цагаанчулуутдаа жаргалтай зовлонтой хорвоог гэтлэн үүрд амарсан байлаа. Гэлээ ч ингэвэл яах байсан бол, тэгэх л байж дээ гэсэн харуулсал зүрхэнд шуурсаар... Алтаар хөшөө босгоод яах билээ. Ахиад ганц удаа ч болохнээ босгоод уулзах биш. Аав, эжийдээ амьд сэрүүнд нь очиж золгож, бараагаа харуулж, зулайгаа үнэрлүүлж байвал ачийг нь хариулахын дайтай үнэт бэлэг ердөө л тэр юмаа.
                                                                                                                                                                                                                                    2000 он


No comments:

Post a Comment