Сумъяагийн хуудсанд тавтай морилно уу

Сумъяагийн хуудсанд тавтай морилно уу

Friday, January 20, 2012

ЦЭЛМҮҮН (Өгүүллэг)


ЦЭЛМҮҮН
Эмнэлгийн цанхигар өрөө цэвэрхэн ч, зэвэргэн ч, Эмийн үнэр эхэндээ бэрх содон байснаа одоо мэдэгдэхээ байжээ. Цэлмүүн хэвтэрт ормогцоо намайг хөдөөнөөс аг саггүй дуудуулсан юм. Нөхөр нь хоёр хүүхдээ харах үүрэгтэй хойно, өөр хэнийгээ ч гэхэв. Танил тал гэвэл харин олон бололтой. Нэгийн гурвын Цэлмүүний  сахиулыг нэхсэн нэхэл өдрийн арван гурвантаа  ирнэ. Тэгээд
-Тийм хүн иржээ гэхэд
-Өө, оруул оруул гэнэ. Би нөмрөг  аваачиж өгнө. Цэлмүүн хэн хүнийг их л төв царайлан угтаж  энэ тэрийг асуун байхдаа өвчнийхөө тухай л харин  ам ангайх дургүй.
Үеэл маань болох тэрээр хүүхэд байхынхаа л нэр шигээ содон охин байжээ. Мэдээ орохоос бид ихэр бяруу шиг  өссөн хоёр.  Өвөл намартаа би ээж аавтайгаа хөдөө хурга тугалаа эргүүлж, хавар болохлоор Цэлмүүн  хотоос ирнэ. Ээж ааваасаа хол, гэр орноо саначихна гээд эмээ ч дураар нь тавьдаг. Тэгээд ч юм юман дээр л би би... гэх нь хөдөөгийн бүрэгхэн бидэнд зовмоор ч, ясли цэцэрлэгээр явчихсан хотын хүүхэд нүүрэмгий, хэлэмгий гэдэг ойлголтоор дуугүй өнгөрөөнө.
Арай хойно нь эмээ бага хүүхэдтэй унтахлаар хүзүүнээс таг зүүгдээд хамаг бие хөшчих юм гээд ханинд нь гэж биднийг цуг хэвтүүлдэг болсон. Өглөө сэрэхэд эмээ хоёр аяганд зөөг хярам хийж, атгасан гарын чинээ чихэртэй эвэрсэн ааруул өгнө. Тэгээд ч би эмээгийнд унтах дуртай болсон юм даг. Бид хурга ишиг эргүүлж, усанд шумбана. Хожим Цэлмүүн өндөр өсгөлүүн болсноо эмээгийн ааруул идэж, зуны зунд голд шумбасных байх аа гэхэд тэгвэл би яахлаар намхан байгаа юм бэ гэсэн үгээр амыг нь таглах гэж үзэж билээ. Гэтэл тэрээр:
-Чи өөрөөсөө том арагт элсний шороотой аргал бүүр зэргэлж чигчээд дааж ядан үүрдэг байсан юм чинь хэмээн миний үгийг сөрөх гэснээ гэхдээ би ч бас үүрсэн дээ гэсхийх.
Эргэж ирэгсдээс харин нэг хүнийг л өрөөндөө оруулж уулздаггүй байлаа. Намайг ирсний нөгөөдөр дунд зэргийн нуруутай, цайвар нимгэн зүстэй, хөдөөний миний бодоход бичиг номын гэмээр хүн ирлээ. Намайг харуутаа л
-Өө Цээеэ  юу? Хэзээ ирээв? Хөдөөгийнхөн сайн уу?  гэж инээмсэглэн гар барьснаа
-Цаадах чинь тэгээд ямаршуухан л байна  даа? гэж намайг хэзээний таньдаг хүн шиг дотно ярихад би ч баярлав. Тэр их сайхан инээмсэглэдэг хүн байв. Тэгш цагаан шүд нүүр нүднээс нь гэгээ татан айдас шаналангийн сүүдрийг сэтгэлээс оргүй үлдэн хөөх шиг. Тэр тийм  сайхан дулаан гэгээ татуулан инээмсэглэдэг хүн ажээ.
-Сайн, сайн. Та орох уу? гэж нөмрөгөө тайлах гэтэл
-Зүгээр, зүгээр, намайг ирсэн гээд Цэлмүүнд хэлчих гэлээ. Тэгэхэд нь хотын цэвэрч цэмбэгэр  хүн миний нөмрөгөөс цэрвэв үү гэсэн шүү юм бодогдоод өнөө хөөрч байсан сэтгэл аягүйцлээр солигдов. Тэгээд Цэлмүүнд орж хэлбэл
-Аан! гэснээ
-Намайг одоохондоо босч чадахгүй байгаа. Тэнхрэхээрээ уулзамз гээрэй  гэв.
-Харваас цэвэрлэг тэр хүнд хэвтээгээрээ таталсан зурвасыг нь аваачиж өглөө. Гэтэл өнөөх нь
-Цээеэ жаахан хүлээхгүй юу гэж цүнхээ уудлан үзэг, цаас гаргаад юм бичиж, боодолтой чихрийн хамт өгүүлдэг байгаа.
Дунд сургууль төгстлөө Цэлмүүн манайд очиж зусч байснаа харин би их сургуульд оюутан болоод тэднийд таван жил хамт байсан юм. Хоёул чацуу, оюутан ч гэлээ найз нөхөрлөлд нэг нь ахлах, нөгөө нь аяыг харж дагалдах маягтай л байдаг хойно, гэрийн эзэн хийгээд хотын хүүхдийн хувьд, нөгөө л би би... гэдэг түрэлхийлсэн аашаараа Цэлмүүн намайг дагуулдаг байв. Гэвч ширүүн дориун аашилж, болох болохгүй юм тулгана гэж харин үгүй. Цээеэ, эсвэл сайхан зангаа хүрэхлээр андашгүй, намайгаа миний бор охин гэдэгсэн.
Маргааш нь нөгөө хүн ажил тарахын үед ирлээ. Цээеэ минь хотын эмнэлэгт дасч байна уу? гэснээ нэг дөрвөлжин хайрцагтай юм, ар өвөргүй жирийтэл бичсэн баахан цаас өгөөд
-Би хүлээж байя. Чи Цэлмүүн дээр оччихоод ир ээ гэв. Ороод очсон чинь урьдаас
-Мандах ирж үү? гэж асууснаа захиагий нь унших зуураа
-Бор охин минь наадахаа задлаач гэв. Хайрцагтайг задлахыг харснаа
-Борхон минь баярлалаа. Одоо утастай болсных энэ муухай шархируулдаг өвчнийг ч нэг мартаад өгнөө гээд төдхөн гэр рүүгээ залгаж хүүтэйгээ ярьж гарав.
Тэр нь нугалаад дэрэн дороо ч хийчихэж болмоор чүдэнзний хайрцаг шиг жижигхэн дөрвөлжин утас[1] байлаа. Хөдөөний маньд ч үлгэрийн юм шиг юм аа гэж шагшихад Цэлмүүн
-Эрүүл саруул явахад олон сайхан юмыг анзаардаггүй мэддэггүй явж дээ гэснээ, энэ утас их хүч, хань болноо. Энэ хар өвчнийг ялж, нэг давж гарах юм шүү. Уул нь эрүүл явахад нэг их юм шаардагддаггүй юм байжээ гэлээ.
Тэгээд Цэлмүүн өчигдрөөс хойш дэрээ өндөрлүүлж хагас суучихаад  бичээд  байсан юмсаа ууттай чихрийн хамт өгөөд
-Их баярлалаа гэж хэлээрэй гэлээ. Мандахад Цэлмүүний явуулсан юмыг аваачиж өгөхөд
-Сэтгэлд нь хүрсэн л бол болох нь тэр гэснээ яваад өглөө.
Мандах өдрийн хэдэнтээ утсаар ярьдаг мөртлөө өнөөх л ирдгээрээ ирсээр... Цэлмүүн ч босч очиж уулзсангүй, нөмрөг ч өгүүлсэнгүй. Ирсэн явсан захидал л харин хоёр талд зузаарсаар..
Өнөө хоёрын тэр сонин ааш занг би ойлгосонгүй. Би аав, ээж, нөхрийнхөө үгнээс гажихгүй явдаг. Гэтэл Цэлмүүн алив юмыг толгой дааж шийдэж, өөрийн гэсэн байр сууринаас ханддаг нь хэзээнийх. Тийм болохоор бас л нэгийг бодож, өөрөө шийдсэн нь л энэ байх.
Мандах нэг өдөр, хоёр өдөр ч ирсэнгүй. Үеэл  минь хэвтэж байж чадахааргүй хямрав. Нөхөр нь хүрч ирж хөл гарыг нь тослон барьж өгөөд ч тайтгарсангүй. Харин хоёр хүүгээ ирэхэд урьдынхаараа өвчин намдаагч тариа хийлгэж, тэднийгээ өхөөрдөж, нүүрийг нь угаан элгэндээ тэвэрч суулгаад ном уншиж өгөв. Өдрийн өдөрт өөрийгөө ядартал тэр хоёртойгоо тоглож, инээж, болж өгвөл өнжих санаатай байдаг. Гэвч хөвгүүдээ явсан хойно ч нөгөө хямарсан, тайтгарч чадаагүй таг дуугүй хэвээрээ.
Маргааш өглөө нь эрт хүн дуудуулав. Мандахыг хараад би өөрийн эрхгүй
-Хөөе чи хайчсан бэ? гэж асууж орхив.
-Хэл ул өгч чадалгүй гэнэт юманд яваад дөнгөж одоо ирж байнаа гэх түүнээс нээрээ ч замын тоос үнэртэх шиг.
-Та хоёр минь яаж л байна даа? Би сандал дээр суугаад хүлээж байя. Яарсны хэрэггүй шүү гээд бас л захиа, боодолтой юм өгөв.
-Намайг өрөөнд ороход Цэлмүүн урдаас
-Мандах уу? гэсэн ганцхан үгээр угтав. Би гайхаж чи яаж мэдээв? гэсэн чинь
-Чиний царайг хараад гэв.
Цэлмүүн ундаа ч уусангүй. Мандахын захиаг уншиж гарав. Тэгээд уртаа гэгчийн амьсгал авч миний хүзүүгээр тэвэрч үнссэнээ
-Ёох, амарлаа! гэж хэлээд өчигдөр уржигдрын захиандаа нэмж хэдэн үг бичээд явуулав.
Эргэж орж ирээд би тэссэнгүй. Цэлмүүн чи ингэж өөрийгөө зовоож байх гэж. Бүх хүмүүстэй уулзах мөртлөө ганцхан Мандахтай яагаад уулздаггүй юм бэ. Бичээд байгаагаа яриад сууж байх нь дээргүй юу гэхэд Цэлмүүн миний өөдөөс  тогтуун хараад
Би өөрийгөө болон Мандах намайг зовоогоогүй. Энэ өвчин л шарлааж бүр ортой минь хадаж орхилоо. Сайн явна, сайхан амьдарна гэж би боддог мэрийдэг зүтгэдэг байсан... Амьдрал, аз жаргал бүгд миний өмнө байлаа. Тэр бүгдийнхээ ард ийм хурдан гэнэт гарчих юм гэж санасангүй гэснээ, хүнд хань болох гэж, тэр хань гэдэг нь чухам ямар байдгийг үзүүлэх гэж ямар их мэрийв дээ гэх нь тэр.
-Үгүй чи чинь хүний сайн хань, танайх сайхан айл шүү дээ гэж намайг хэлэхэд
-Цээеэ минь, тийм ч биз, үгүй ч биз гэснээ хэдэн үеийн тэртээгээс хүний хань гэрийн эзэгтэй гэдгийг хатуугаар хэлбэл, сайн зарц маягаар ойлгож ирсэн. Гэрээ цэвэрлэж, хоол хувцсаа базааж тавьдгийгаа эмэгтэйчүүд өөрсдийнхөө үүргээ гэхэд нь би дуугарсангүй. Өвчтэй хүнтэй юугаа ч маргахав. Би дунд сургуульд багшлаад хажуугаар нь гэрийн ажлаа амжуулах гэж зүтгэнэ. Өөрөөр яах юм. Цэлмүүн яриагаа жаал тасалснаа тэгээд ч миний эрүүл саруул сайхан явсан дүр төрх, амьд байсан тэр зураг төрх Мандахад үлдэг.  Мандахын гэрэл татуулсан гэгээн сайхан  инээмсэглэл надад үлдэг гэсэндээ одоо уулзахгүй байгаа юм. Амьдралын ирмэгээс түлхэгдэн, өвчинд идэгдэж байгааг минь  харвал тэр л шаналалт дүр үлдчихнэ. Тэр бүү хэл намайг оршуулахад ирээд яах юм. Зөвхөн бид хоёрын сайхан явсан үеийн гэрэл зураг тэр хэвээрээ үлдэг гэлээ.
-Чи яахлаараа ийм болдог юм? гэснээ тэгвэл хоёр хүүтэйгээ, гэрийнхэнтэйгээ юунд нялхраад байдаг юм гэвэл
-Ертөнцөд хамгийн хувиршгүй хайр бол эхийн хайр.
Хүүгийнхээ алдааг ч болов уучилж чаддаг цор ганц хүн ээж нь л байдаг.  Би мэдэж байна. Өнөөдөр би амьд л нэртэй болохоос, данснаас ерөнхийдөө гарчихаад байна. Ингэхлээр  надаас хойш миний хүүхдүүдийг сайндаа л өнчин амьтас гэж өрөвдөхөөс бус, төрсөн эхийнх нь хайраар хэн ч хайрлахгүй. Зориуд бодоогүй байхад ч өнчин хүн бусдад өчүүхэн аз хувьгүй, өрөвдөм амьтан  харагддаг. Хүмүүс зориуд биш ч, санаагүй мөртлөө тэр өнчин өрөөсөн ядруу дүр төрхөөр харьцаж хандана. Өнчинд ноён олон гэдэг нь тэр. Бодоогүй, санаатай биш ч, үнэн нь энэ. Амьдрал ерөөс тийм. Миний хоёр хүү ижийтэй байсан, ижий гэж хорвоо дэлхий  шиг нөмөр байсныг, хорвоо түүнийг нэгэнт хайрлахгүй арчсаны, түүнийг аль нэгнээр нөхөж, өр төлөөсийг хэн нэгнээс нэхэж оруулах боломжгүйг хожмоо сайн ухаараг. Эжийгээ өдрөөс өдөрт ширгэж дордож байгааг нүдээрээ харж, тэртэй тэргүй ойртож буй аймшгийг биеэрээ мэдэрч түүнд дасаг  гэлээ.
Надад хэлэх үг олдсонгүй. Үнэн юмыг бултуулах газар байдаггүй. Тэгтэл Цэлмүүн
-Цээеэ минь чамтай ярья гэж бодоод байсан юм, ашгүй ярьж авлаа. Харин Мандахын бичсэн энэ захиадлуудыг цас бороонд норохооргүй, салхи галд идэгдэхээргүй сайн битүү саванд хийгээд хамт үлдээж болно. Магадгүй, үүнийг л би чамаас гуйх гэж хөдөөнөөс дуудуулсан  байж мэднэ гэв.
Уйлахаас өөр хэлэх үг, хийх тус надад олдсонгүй. Гэтэл Цэлмүүн намайг аргадах тайвшруулах ч гэсэнгүй.
Борхон минь чамд баярлалаа. Би чамдаа нэг ч туслаж чадсангүй. Харин ч төвөг удлаа. Танайхан эзгүйд  чинь зутарч байгаа даа, нутагтаа очиход хамгийн сайхан нь голд шумбах л байдаг юм гэснээ миний нулимс татрахгүй болохоор тэгэв үү
-Нөгөө саахалтын хүүхдүүд одоо хаа яваа бол? Яагаав бага нь, нөгөө дэлдэн хөх, гаансны халуун толгойгоор  миний нурууг хайраагүй юу. Одоо хүртэл сорви нь бий шүү. Чи үзээч гэснээр бид хоёрын яриа нутаг тийш эргэлээ.
...Үеэлийнхээ ажил явдлыг өнгөрөөгөөд  хоёр хүүд нь хань бараа болж, хагархайг нь хатгаж хэд хоноод буцах гэж байтал Мандах утасдлаа.
-Цээеэ чамайг буцахаас өмнө хамтдаа бүрлээчийн газар очьё. Чи хань болооч. Яг хаахныг нь би бас мэддэггүй ээ гэж байна. Уул нь манай нутагт талийгаачийн газрыг гурван жилдээ эргэдэггүй л гэдэг. Гэвч энэ хотынхон өөр улс. Би ч  гэсэн нэг явчихвал  мөддөө ирж чадахгүйгээ бодон
-Тэгье, тэгье. Маргааш очьё гэлээ.
1996 он



[1] Энэ өгүүллэгийг бичиж байх үед манайд гар утас нэвтрээгүй байсан юм.

No comments:

Post a Comment