Сумъяагийн хуудсанд тавтай морилно уу

Сумъяагийн хуудсанд тавтай морилно уу

Friday, December 30, 2011

АЗ ЖАРГАЛЫН АЛТАН ТАМГА



Орсон, гарсан хүний чөлөөгөөр
Охин бид хоёр хөзөрдөж өнжинө

Хөзрийн нүд эргүүлжээ суухад
Хөлийн доогуур хоног өдөр алдуурна.

Дадрыг боол дарж хүчрэхгүй
Данхар ноён туганд багадна

Эрээн хатан найман нүдэнд ахадна
Эцсийн хожил нь тамгандаа ирнэ.

Бунд, дөрвөлжин, цэцэг, гилийн өнгөөр
Бужигнах амьдрал бид нараар хөзөрдөнө

Араас нь өврөөс нь хөзрийн тамгыг
Андуурахгүй нүдэлж чадсан шигээ

Амьдралын аз жаргалын алтан тамга
Атганд чинь, өөрт чинь бий, Хүү минь






МОНГОЛ ГЭДГЭЭ БҮҮ МАРТ



Хүү минь, Монгол гэдгээ бүү март
Хөх мөнх тэнгэр орой дээр цэлийсээр байхад
Хөрст дэлхий өлмий дор эргэсээр байхад
Хүмүүн төрөлхтөн оршсоор байхад
Хүү минь Монгол гэдгээ бүү март
Хөхний сүүтэйгээ амласан эх хэлээ бүү орхи

Өмссөн цув чинь монгол биш ч гэлээ
Өөрөө чи монгол, үс чинь монгол, зүс чинь монгол
Өргөн дэлхийн өнцөг булан бүрт өнөөдөр монгол хүн яваа ч
Өрцөн доорхи элэг чинь монгол, үг хэл чинь монгол
Өөрийн чинь амь монгол оо.

Нум сумаа тэврээстэйгээрээ хатаж явсан Монгол
Нулимсаа нуусан түүхээр бүүвэй дуулсан Монгол
Эмээлт мориноосоо бууж чадахгүй яваа Монгол
Эцэг Чингисийнхээ нэрийг мартаж болохгүй Монгол
Эх хэлээ орхиж болохгүй Монгол.

Хутагтын орны рашаан Гангын уснаас амсаж
Хурмастын хурц наран хургасан Делийн зээлээр алхаж
Тажа Махалын гэрэл тунасан гантиг цагаанд биширч
Таар хэдэрсэн халтар жаалаас дөлөхдөө
Талын монгол гэдгээ бүү март, хүү минь
Тархины судас шиг монгол хэлээ бүү орхи.

Америк Орос Хятад агуу гүрнүүдийн амжилт ололтыг
Арван хуруундаа барьж, ам цаасан дээр дансалж
Алтан дэлхийг тойрч НҮБ-ийн тийз атган явахдаа
Аавын хүү монгол гэдгээ бүү март
Ангир уурагтайгаа амласан эх хэлээ бүү орхи

Улаан дэнлүү уд моддын өтгөн навчин доогуур шагайж
Уруул давах үгс зөөлөн дарсанд найрсаж сэтгэл илбэдэн
Угтах тахимдуу хүндлэл урдуур алаглах тансаг зоог
Явуулын хүн саатам ятга шанзын эгшигт дорнын үдшээр
Язгуур яс чинь монгол гэдгээ яавчиг мүү март, хүү минь

Үүл сүвлэн дүүлж, мөнгөн онгоц хөлөглөн
Үлгэрийн Хавай хөх бэндэръяа Номхон далайд умбаж
Алгуур ажирагч заан сүрэг лянхуат нууртай
Аядуу далдуу модон дор алим амталж суухдаа
Амин үр минь монгол гэдгээ бүү март
Ааваа гэж анхлан хэлд орсон эх хэлээ бүү орхи оо

Сакура цэцэг, үзэсгэлэнт Фүжид харц алдарч
Сөүлийн лаборторит хуруун шилнээ тугал амилуулж
Седнейн цонхоор мандах наранд инээмсэглэж
Сондор шиг сондгой Эфелийн цамхагаар зугаалж
Суулаг цуулаг европыг шүлэг найргаараа дагуулахдаа ч
Солонгон панс шиг намираа Оросын цэнхэр хавраар ч
Монгол гэдгээ бүү март, хүү минь
Мохоож эх хэлээ бүү орхи

Арлын Японд хөлсний хашаа шүүрдэж
Ааш хямсгар Германд айлын хүүхэд асарч
Хойгийн Солонгост таваг угааж, будаа хурааж
Холын Ирландад пицца зөөж, англи үг цээжлэж
Бор цай даргилуулж, борц хийцэлж
Амин зуулгын мөнгө цуглуулж, адгаж зүтгэж явахдаа
Аргалын зөөлөн гал улвалзсан монгол гэдгээ бүү март
Ааваа гэж анхлан хэлд орсон эх хэлээ бүү орхи оо

Сумын төвийн хөх модон хашааны нээлхий үүдэндээ
Сундалж мотоцикльтой давхиж явахдаа
Уулын өвөр өвөлжөөнөөс хонио бэлчээхдээ
Униар сөхөж алсыг хараачлан дурдандахдаа
Уурга суналзуулан адуугаа хурааж, исгэрч
Унага татаж, айраг сөгнөж суухдаа ч
Хүү минь монгол гэдгээ бүү март
Хүлхэж өссөн эх хэлээн бүү орхи

Улаанбаатарын цардмал замаар машинтай сүнгэнэж
Уут уутаар төгрөг тоолж, доллар багцалж, толгойлж
Уралдаан шиг ухасхийж, завгүй зүтгэж, уншиж бичиж
Утсаар ярьж, болзож, улиас түшиг зогсохдоо ч
Ярайсан лангуутай зээлийн эхийг тойрч
Ямааны ноолуур ямар үнэтэйг асуухдаа ч
Монгол гэдгээ бүү март
Мохоож эх хэлээ бүү орхи оо

Улсын ерөнхийлөгч байлаа ч
Уудаг тэнэмэл архичин байлаа ч
Үйлдвэрийн баян эзэн байлаа ч
Үгээгүй ядуу барлаг байлаа ч
Ирээдүйд шамдсан оюутан байлаа ч
Эрхисийн дунд аяласан огторгуйн нисгэгч байлаа ч
Эсгий туургат монгол гэдгээ бүү март
Ээжээ гэж эхэлж дуудсан эх хэлээ бүү орхи оо

Зураг дээр өнгө ялгаж, зураас татсан улсын хил хязгаар арилж
Зурагтын дэлгэцээр хүү минь чи хонио харж хариулж
Зуур хоорондоо хүмүүс ганцхан хэлээр ярилцлаа ч
Зулай дээрээс наран гэрэлтсээр байхад
Зуун зуун улиравч Монгол гэдгээ бүү март

Хөх мөнх тэнгэр мэлтийсээр байхад
Хүү минь монгол гэдгээ л бүү март
Амь чинь монгол, сүнс чинь монгол
Амьдарч, амьсгалж, амьд яваа цагтаа
Алтан дэлхийд Монгол гэдгээ л бүү март аа.

                        Чита хот. 2009.09.20.


ШҮЛЭГ ШИГ БҮСГҮЙТЭЙ ТАНИЛЦЛАА ГЭЖ



Ийм бүсгүйтэй танилцлаа гэж
Эхнэртээн битгий хэлээрэй
Энгэртээ тэвэрч энхрийлэн аргадлаа ч
Элгэнд нь сэв үлдчихдэг юм, хөөрхий

Үдэш үдшээр гэртээ оройтохгүй ч
Өдөр өдрөөр харын сүүдэр өтгөрдөг юм
Зүрхээрээ үнсэн учирдаг
Зүүднийхээ эрх чөлөөг чи алдаж эхэлдэг юм

Мөнгө нь арвидан зоог нь алаглавч
Мөнөөх бүсгүйг эрж чамайг нэгждэг юм
Үгийн үзүүрт чих нь сэрвэсхийж
Үнэндээ тэр тайван байж чадахаа больдог юм

Бүтээхийн онгод туурвихын эрч хүчийг хурааж
Билгийн шувуу жигүүрлэснийг тэр ойлгохгүй, зөвшөөрөхгүй
Амьдралаа харамлаж алд биеийг чинь манадаг
Айлын авгай гэдэг ийм л байдаг

Шүлэг шиг бүсгүйтэй танилцлаа гэж
Саймширч, сайрхаж эхнэртээн битгий хэлээрэй
Сартай хорвоогийн мөнгөн гэгээнд хөлбөрсөн
Сэтгэлийнхээ эрх чөлөөг чи алдах болно.

МОНГОЛ ХИЙМОРЬ



Тэнгэрийг аргадахад чихэд нь ойр гэж
Тэнгисийг аядаахад хаяанд нь дөт гэж
Ус нутгийнхны минь тахилга
Уулсынхаа их овоон дээрээ байдаг аа

Сүлдтэй бүхэнд амьтай дотно гэж
Сүүдэргүй бүхэнд сүүлгүй хол гэж
Тэрэмт гэрийнх нь сүлд хийморь
Тэнгэр өндөр тотгон дээрээ байдаг аа

Холын бараанд мэлмий саруул гэж
Холхи ухаанд бодол уужим гэж
Монгол хүний аз хийморь
Мөр зулайнаасаа төө дээшээ байдаг аа

Сан хурайлж сайныг даллах
Салхи хөгжөөж саарыг дайжуулах
Босоо сормуустай Монголчуудын
Богд хийморь нь үргэлж дээшээ байдаг аа

            1991 он.

                        СТА С.Батмөнх аялгуу хийж
                        СТА Б.Батболд дуулсан